Т.Баярхүү: 2025 онд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрээс болж 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээллээ. 

Нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг танилцуулсан юм. 

Тэрбээр "Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.16/ байдлаар объектын гал түймрийн 2,086 тохиолдол бүртгэгдсэнээс 310 буюу 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна.

Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 246 удаа буюу 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тохиолджээ. Харин он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1% өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.731 га талбай, нийт 748.802 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ" гэх мэдээллийг өгөв.

Үргэлжлүүлэн ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ц.Нямбаяр "Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданаар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 175 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 44 хүн, 10 автомашин, нийт 219 хүн, 24 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Тус түймрийн урд, зүүн, зүүн урд талыг бүрэн унтрааж, баруун хойд талыг цурамд оруулан, түймрийн баруун талд 5км орчим газрыг цурамд оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11,915 га талбай өртсөн" гэв.