Энэ оны эхний дөрвөн сард гадаад худалдааны тэнцэл 683.2 сая ам.долларын ашигтай гарав

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Манай улс энэ оны дөрвөн сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам.доллар болжээ. 

Үүнээс экспорт 4.2 тэрбум, импорт 3.6 тэрбум ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл эхний дөрвөн сард 683.2 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 827.9 сая ам.доллароор буурсан байна. 

Экспортын хэмжээ энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэсээ 695 сая ам.доллароор буурсан бол импорт 132.9 сая ам.доллароор өсөв. 

Нийт экспортын бүтээгдэхүүний 95.1 хувийг уул уурхай, 2.7 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.

Экспорт 695 сая ам.доллароор буурахад нүүрсний 1.2 тэрбум ам.доллар буюу 39.1 хувиар, боловсруулаагүй газрын тос 26 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлөв. Харин зэсийн хүдэр баяжмалын экспорт 502 сая ам.доллароор өсжээ. 

Мөн 2025 оны эхний дөрвөн сард хилийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс ямар хэмжээнд өөрчлөгдсөнийг ҮСХ-ноос танилцуулсан.

ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил "Алтны үнэ унц тутамд 728.6 ам.доллар, зэсийн хүдэр баяжмалын үнэ тонн тутамд 349.6 ам.доллароор өссөн. Төмөр хүдэр баяжмалын үнэ тонн тутамд 8.2 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.4 ам.доллароор буурсан" гэлээ.