Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага манай улсад эхлээд буй. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбаттай ярилцлаа.
-Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам” сургалт, дадлагыг 12 дахь удаагаа зохион байгуулж эхэллээ. Тус сургалтын талаар танилцуулбал...
- Хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийг Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нарыг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор хэрэгжүүлж, 2014 оноос эхлэн 11 удаагийн хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулсан.
Одоогоос 8 жилийн өмнө Японы Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ивата болон тухайн үед Монгол Улсын Хуурай замын цэргийн штабын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Амгаланбаатар нар энэ сургуулийг хамтран эхлүүлж байсан түүхтэй.
Хамтарсан сургалт, дадлага энэ хугацаанд дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд явагдаагүйг эс тооцвол тасралтгүй зохион байгуулагдаж байна.
-Энэхүү сургалтын ач холбогдлыг дүгнэвэл. Инженерийн цэргийнхний сургалтаас олж авсан дадлага, чадварыг хэрхэн ашиглаж, ямар бүтээн байгуулалтад түлхүү ашиглаж байна вэ?
-Сургалтад хамрагдсан офицер, ахлагч нар бүх түвшиндээ ажиллаж байна. Инженерийн цэргийн үндсэн үүргээс гадна улс орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаанд өөрийн сурсан дадлага, туршлагаараа оролцож байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах Нефть боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын авто зам болон Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн хоолой барих ажилд голлох үүрэгтэй оролцсон.
Мөн энэхүү сургалтын үр дүнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөгдөж байгаа “Инженерийн рот”-д үүрэг гүйцэтгэхээр зам, барилгаар мэргэшсэн бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байна гэсэн үг юм.
-“Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд том байр суурь эзэлж байгаа байх...
-Тийм ээ. Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын офицер, ахлагч нарын авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулан явуулж байна.
-Энэ жилийн сургалтын онцлог юу вэ?
-Наймдугаар сарын 1-ний өдрөөс 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулагдаж байна. Одоогоор онолын хичээл явагдаж байгаа. Монголын талаас өмнөх сургалтуудаар бэлтгэгдсэн сургагч багш, инженерүүд онол дадлагын хичээлийг бие дааж удирдан явуулж, Японы сургагч багш, инженерүүд зөвхөн сургалтын үйл явцыг хянах болон зөвлөх үүрэгтэй оролцож байна.
Энэ удаагийн сургалт, дадлагад АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглана.
Эх сурвалж: “Соёмбо” сонин, ЗХЖШ