Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэнхийн төвийн 250 ортой эхний блок ашиглалтад оржээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлэг /бидний нэрлэж заншснаар Түлэнхийн төв/ашиглалтад орлоо. Тус эмнэлэг нь 7 давхар, 6 тасагтай, 250 ортойгоор түлэгдэл ба гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлэх юм.

Цаашид зөвхөн түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй гэмтэл согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТөвийнхөө ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэн ажиллана.

Хэдийгээр Түлэгдлийн төвийн барилгын ажил нь цаг хугацааны хувьд  нэлээд удааширсан ч эхний блок ашиглалтад орж үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. 

Монгол Улсын Засгийн газар, Арабын Эдийн засгийн Хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2017 онд байгуулсан 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу тус  эмнэлгийг барьж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар 702,648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31,122 нь түлэгдэл эзэлж байгаа ба 74.5 хувь нь ГССҮТөвөөс тусламж үйлчилгээ авсан байна.

Нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм.

Харин ГССҮТөвийн  Яаралтай тусламжаар жилд дунджаар 110,000 гаруй хүн үйлчлүүлснээс 20-25% нь түлэгдэл болон бусад халдварлагдсан, могойд хатгуулсан нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.

зураг
 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркийн автомашиныг ГССҮТ-д хүлээлгэн өглөө гэж тус яамнаас мэдээлэв.