Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Сармагчны цэцэг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сармагчны цэцэг өвчний (monkeypox) вирус нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байна. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. 

Олон улсад бүртгэгдсэн энэ өвчний үед дараах шинж тэмдэг илэрч байгаа аж. Тодруулбал

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • Арьсаар тууралт гарах
  • Тунгалгийн булчирхай хавдах
  • Бие арзайх

Тууралт нь ихэвчлэн халуурч эхэлснээс хойш 1-3 хоногийн дотор гарах бөгөөд шаргал шингэнээр дүүрсэн шархлаат тууралт байдаг. Уг өвчний тууралт нүүр, гарын алга, хөлийн ул, ам, бэлэг эрхтэн, нүд зэрэг биеийн аль ч хэсэгт гарч болно хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас (ЭМЯ) мэдээллээ. 

зураг
 
Эрүүл мэндийн яам

Африк тивээс гаралтай сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай. 

Уг өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилдэг ба сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс (НЭМҮТ) зөвлөлөө. Тодруулбал

  • Зэрлэг амьтанд хүрэх, зэрлэг амьтны мах, бусад эрхтнийг түүхийгээр идэхийг хориглох
  • Мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож идэх
  • Гараа тогтмол угаах, халдвартай хүний эд зүйлсийг хуваалцахаас зайлсхийх
  • Эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөж байна. 

Одоогийн байдлаар манай улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй. 

зураг
 
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв