Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотоодод мах, сүүний хэрэгцээг бүрэн хангахад цэвэр үүлдрийн тус бүр 50,000 толгой үхэр импортлох шаардлагатай"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

"Ирэх таван жилд 19 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100% хангадаг болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СодбаатарӨнгөрсөн онд манай улс нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авсан. Иймд импортын хамаарлыг буруулж, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын дэвшүүлсэн.

Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд цар тахал болон олон улсын геополитикоос шалтгаалж хүнсний хомсдол үүсэж болзошгүй талаар олон улсын байгууллагууд мэдээлж байгаа.Тиймээс манай улс хүнсний хангамждаа онцгой анхаарах шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар манайх ургамлын тос, элсэн чихэр, төрөл бүрийн будаа, жимс жимсгэнээс гадна хүнсний давсны 97 хувийг гаднаас авч байна. Үүнтэй холбоотойгоор Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай дөрвөн заалт, 51 дэд заалттай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа.

Тус төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх асуудал, үүнийг дагаад хууль эрх зүйн болон татвар хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох асуудлыг хөндөж тавьсан.

Энэ төсөл ирэх долоо хоногоос УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдэх бөгөөд уг тогтоолын хавсралтад ирэх таван жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг оруулж өгсөн.

Тухайн төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийвэл манай улс ирэх таван жилийн дотор 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодоо 100 хувь хангадаг болно гэж үзэж байгаа.

Тухайлбал, төв суурин газрын мах, сүүний хэрэгцээг бүрэн хангахад цэвэр үүлдрийн мах сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Ингэж байж махны болон сүүний чиглэлийн аж ахуйг байгуулж, төвлөрсөн хот суурины иргэдийн хангамжийг бүрдүүлэх боломжтой.

Мөн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангахад 55,000 тонн багтаамж бүхий зоорь, агуулахуудыг барьж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх шаардлага бий болж байна.

Төв суурин газрын иргэдийг дөрвөн улирлын туршид шинэ ногоогоор хангахын тулд өвлийн хүлэмжийн цогцолборыг бий болгох хэрэгтэй. Тэгж байж бид нарийн ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадна. Энэ мэтээр тахиа, гахайн аж ахуйг хөгжүүлэхэд жил бүр  1.9 сая тонн тэжээл авах шаардлагатай зэрэг нарийн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Үүнд хувийн хэвшлийнхэн санал, санаачилгатай ажиллахаа илэрхийлж байгаа” хэмээв.

"ААН-үүдээ татвар, хөрөнгө оруулалтаар бүрэн дэмжвэл тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломжтой"

Үргэлжлүүлэн “Бид өнөөдөр ургамлын тосоо 100 хувь импортоор авч байхад Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хувийн ААН өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан байна. Энэ мэт ААН-ээ татвар, хөрөнгө оруулалтаар бүрэн дэмжиж өгвөл энэхүү тавьж байгаа зорилтоо хэрэгжүүлэх боломжтой.

Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж хүнсээрээ дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашид экспортолдог болох зорилтыг биелүүлэхэд бүх иргэн, ААН, төр захиргааны байгууллага хамтран ажиллах хэрэгтэй" гэлээ.

"Дээрх зорилтуудыг таван жилд хэрэгжүүлэхэд нийт 1.7 их наяд төгрөг шаардлагатай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүний дараа “Ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангахад салбарын хэмжээнд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан" хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлсэн юм.

Эхний ээлжид 500 тэрбум төгрөг нэн яаралтай хэрэгтэй гэдгийг салбар яам үзэж байгаа аж. Харин үүнийг бонд гаргаж шийдэх үү эсвэл хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр шийдэх үү гэдэг дээр УИХ-д саналаа оруулсан тухай ЕТГ-ын дарга Я.Содбаатар нэмж мэдээлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/presidentMGL/videos/2812240805748349/