Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баттулга: Ломбардад тавьсан эд зүйлийг дуудлагаар худалдвал зээлээ төлөөд илүү гарсан мөнгийг нь иргэн авах боломжтой

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын үйл ажиллагаа, хуулийн зохицуулалтын талаар “Легал дата” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч П.Баттулгатай ярилцлаа.

-Улсын хэмжээнд 1,000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоон мэдээлэл байна. Одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар барьцаалан зээлдүүлэх газар болон иргэдийн харилцааг хэрхэн зохицуулж байна вэ?

-Манай улсад ломбардын тухай тусгайлсан хууль байхгүй. Үүнийг 2002 онд баталсан Иргэний хуулиар зохицуулдаг. Тодруулбал Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газраас зээл олгох эрх, үүргийг тусгайлан заасан. Энэ бол иргэд хоорондоо тохиролцож нэгэндээ мөнгө зээлэх харилцаанаас өөр ойлголт учраас хууль, эрх зүйн хүрээнд нэмэлт зохицуулалт оруулсан байна. Барьцаалан зээлдэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгодоггүй. Түүнчлэн ломбардууд зээлийн эсвэл барьцааны гэрээ байгуулах эрхтэй. Гэтэл бодит практикт барьцааны гэрээ бус фидуцын гэрээ байгуулж улмаар асуудал үүсдэг.

-Фидуцын гэрээ байгуулснаар иргэд эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг алдах эрсдэлтэй талаар дурдсан байсан. Үүнийг тайлбарлавал?    

-Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцын гэрээний талаар заасан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг фидуцын гэрээ гэж нэрлэж байгаа. Фидуц, барьцаа, алданги зэргийн нэгдсэн хуулийн үг хэллэгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг. Сүүлийн үед "Авто ломбард"-ын газруудтай холбоотой маргаан түгээмэл гарч байна. "Автомашин барьцаалж зээл олгоно" гэж байгаа боловч бодит практикт барьцаа биш. Барьцаа гэдэг нь хувь хүний эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахгүйгээр хөрөнгийг өөрт түр байлгахыг хэлнэ.

Гэтэл бодит нөхцөлд автомашин барьцаалж зээл олгоно гэдэг агуулгын цаана тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөр хүний нэр дээр шилжүүлдэг. 

Зээлийг төлж барагдуулсан тохиолдолд машиныг эзэнд нь шилжүүлж өгнө. Хэрэв зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол хөрөнгөө алдах эрсдэлтэй гэсэн үг. Ийм гэрээ байгуулж авто ломбардууд зээл олгож байгаа нь хуульд нийцэхгүй. 

-Мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд өмчлөгчийн эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, зарж үрэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.
Барьцаалан зээлдэх газруудтай холбоотой гол төлөв ямар гомдол гардаг вэ?

-Иргэдийн зүгээс үнэ цэнтэй эд зүйлийг маань бага мөнгөнд тооцож авсан, хэт өндөр хүүтэй гэх мэтчилэн гомдлоор шүүхэд маргаан үүсгэдэг. Энэ харилцаанд анхаарах хэд хэдэн чухал зүйлс бий. Мэдээж зээлдэгч мөнгөө буцаан төлөөгүй тохиолдолд ломбардын зүгээс барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулж мөнгөө гаргаж авах зохицуулалттай. Гэхдээ бусдын эд зүйлийг худалдан борлуулахдаа шууд зарж, үрэхгүй. Тодруулбал

  • Эхлээд зээл авсан хүндээ мэдэгдэх
  • 10 хоногийн дотор зээлээ төлж барагдуулаагүй бол дуудлага худалдаанд оруулах эрхтэй хэмээн хуульд заасан.

Дуудлага худалдаанд оруулсан эд зүйл нь төлж барагдуулах шаардлагатай үнийн дүнгийн хэмжээнээс илүү мөнгөөр зарагдаж болно. Магадгүй 20 саяын хөөргөө ломбардад 10 сая төгрөгөөр тавьсан байж болно шүү дээ.

Хэрэв ломбард тухайн хөөргийг дуудлага худалдаанд оруулж 20 саяар зарсан бол илүү гарсан 10 саяыг эзэнд нь буцааж өгөх хуулийн зохицуулалт бий.

Гэтэл иргэдийн хувьд “Нэгэнт мөнгөө төлж чадахгүй, алдах нь тодорхой боллоо” гэж хайнга ханддаг. Хууль эрх зүйн мэдлэг дутуу байгаа шалтгаанаар асуудлыг орхигдуулж байна. Барьцаанд явсан хөрөнгө тань зээлсэн мөнгөнөөс илүү үнэ цэнтэй бол түүнийхээ араас хөөцөлдөх л ёстой. Би мөнгөө төлж чадсангүй. Тэгвэл миний хөрөнгийг ломбард цааш дуудлага худалдаагаар оруулаад хэдэн төгрөгөөр зарав. Энэ мэдээллээ авъя, илүү гарсан мөнгөө авъя гэж хөөцөлдөх боломжтой.

-Хэрэв барьцаалан зээлдүүлэх газар тухайн иргэний эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зараагүй бол яах вэ? 

-Энэ журмыг зөрчсөн бол хувь иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Ингэснээр 

  • Хөрөнгөө буцаан шаардах
  • Зээлээ анх авсан хэмжээгээр төлөх зэрэг асуудлаар хандаж болно.    

Гэхдээ иргэдийн зүгээс “Миний эд зүйлийг энэ ломбард дуудлага худалдаагаар худалсан уу, үгүй юу” гэдгийг мэдэхийн төлөө явдаггүй. Би өөрийнхөө юмыг бодит байдлаар нь тогтоолгоё. Худалдан борлуулсан бол зээлийн мөнгөө төлөөд надад мөнгө илүү үлдэх нь тодорхой" гэж явах нь ховор. Өөрөөр хэлбэл, мөнгөө төлж чадаагүй учраас алдах нь тодорхой гээд хайнга ханддаг, орхидог.