ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөнхболд: Европоос авдаг зарим бараанаасаа татгалзаж, эм, эмнэлгийн хэрэгслээ тасалдуулахгүй байх хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээвэр, логистикийн салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар Монголын Логистикийн Холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдтой ярилцлаа. 

- Сүүлийн үед тээвэр, логистикийн салбарт тулгамдаж буй асуудал их байгааг салбарынхан ч хэлж, иргэд ч мэдэрч байна. Эхний ээлжид нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юу байна гэж та харж байна вэ?

- Орос-Украины асуудалтай холбоотойгоор тавигдсан хоригууд биднээс хамаарахгүй ч асар их нөлөө үзүүлнэ. 2014 оны Крымийн асуудлаас болоод ОХУ-д бас тавьж байсан хоригийн үед манай тээвэр, логистикийн салбарт хүндрэл учирч байсныг санаж байгаа байх. Тэр үед Европоос ирэх ачаа саатах асуудал үүсэж байсан. Харин одоогийн үүссэн асуудал маш ноцтой. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэн ч таамаглах аргагүй байна.

Европоос, ялангуяа хориг тавьсан орнуудаас ирж байгаа ачаа ОХУ-аар дамжин ирэх магадлал муу байна. Авто тээврээр авч ирж болно гэж төсөөлөөд нааш гарч байгаа хүмүүс эд хөрөнгөөрөө хохирох магадлалтай. Учир нь ОХУ хориг тавьж байгаа орнуудаасаа ирж байгаа ачааг өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжуулахгүй гэх шийдвэртэй. Хэдий ачаа нь Монгол руу явж байгаа ч хориг тавьсан улсаас нь ирж байгаа бол замдаа хураалгах магадлалтай гэсэн үг.

Том зургаар нь харвал Европоос манай улсад тансаг зэрэглэлийн машин, сэлбэг хэрэгсэл, эмийн тоног төхөөрөмж, эм хангамжийн бүтээгдэхүүн, Польшоос гэхэд алим жимс зэрэг бараа, бүтээгдэхүүн ирдэг. Одоо бид анализ хийгээд зарим нэг бүтээгдэхүүнээсээ татгалзах хэрэгтэй гэж бодож байна. Польшийн алимаа Киргизээс нөхөж авах, тансаг зэрэглэлийн машинууд далайн тээврээр ирнэ гэж тооцох гэх мэт.

Одоо хамгийн гол нь манай хүн амын эрүүл мэндэд хэрэгцээтэй бүтээгдэхүүн байвал Туркээр дамжуулаад онгоцоор авах бололцоотой. Иймэрхүү цаг үеийн шийдлүүдийг богино хугацаандаа гаргах ёстой болоод байна. 

- Дунд, урт хугацаандаа ямар арга зам эрэлхийлэх хэрэгтэй гэж та бодож байна? 

- Энэ салбарт үүссэн нөхцөл байдал нь зөвхөн ОХУ-аас хамаараагүй. БНХАУ-д гарч байгаа коронавирусийн халдвараас шалтгаалсан хүндрэл хил гааль дээр гарч буйг бид мэднэ. Үүнээс гадна гурван улсын төмөр замын тарифын хөнгөлөлт түгжрэлийн нэг эх үүсвэр болсон.

Өөрөөр хэлбэл, Тяньжинд байгаа 8-9 мянган чингэлэг яагаад Монгол руу орж ирэхгүй байна вэ гэхээр манай улс хоёр хөрш орондоо 60%-ийн тарифын хөнгөлөлт үзүүлсэн учраас манай нарийхан коридороор манай ачаа биш, транзит ачаа чихэлдэж орж ирээд, импортын ачааг маань шахаад байгаа хэрэг. Энэ асуудлыг бодлогын түвшинд хөрш орнуудтайгаа ярьж зохицуулах хэрэгтэй байна.
Мөн Замын-Үүдийн асуудлыг шийдье гэвэл Замын-Үүдийн хил дамнасан чөлөөт бүсээ нээх хэрэгтэй. Чөлөөт бүсээр дамжуулаад түүврийн буюу задгай ачаагаа авах бололцоотой. Ингэж чадвал Замын-Үүдийн боомтоор бус чөлөөт бүсээр дамжуулан авах бололцоо нээгдэнэ.

Урт хугацаанд, логистикийн сүлжээ төлөлтийг сайн болгох нь чухал. Өмнө нь хийж байсан сайн бодлогууд бий. Гэхдээ хэрэгжээгүй. Тэдгээрт үндэслэн шинэ бодлого гаргах хэрэгтэй байгаа юм. 

Тээвэр зөвхөн Монгол Улсаас хамаарахгүй. Тээврийн онцлог нь эдийн засгийн холбоос байдаг тул Монголоор дамжин өнгөрч байгаа экспортын ачаанууд хөрш орныхоо тээвэр, логистикийн бодлоготой уялдах ёстой. Ингэж байж түгжрэл чөлөөлөгдөнө.

"Монгол Улс Үндэсний Логистикийн Корпорац байгуулж, тус корпорацаар дамжуулан Хятадын Коско болон бусад улсын чингэлгийн компаниудтай гэрээ хийх шаардлагатай байна"

- Хоригоос болоод тээврийн үнэ дахиад нэмэгдэх байх гэсэн айдас бас байна. Үнийг нь буулгах боломж үнэхээр байхгүй юу ?

- Үнэ нэмэгдсэн тухайд гэвэл, цар тахлын үед бүх үйлдвэр зогсож, дараа нь улсуудын онцлогоос шалтгаалаад үйлдвэрүүд харилцан адилгүй сэргэснээс болж нэг талдаа ачаа нь овоорч, нөгөө талдаа хоосорсон байдлыг бий болгосон. Үүнээс болж далайн тээвэрт гацалт үүссэн. Энэ нь чингэлгийн эрэлтийг нэг талд гаргасан. Далайн тээвэр ийм асуудалтай болонгуут төмөр замын тээвэр ихээр нэмэгдсэн учраас чингэлгийн түрээсийн үнэ огцом нэмэгдсэн. Монгол Улс руу ирж буй ачааны 90-95 хувь нь автоматаар БНХАУ-ын Коско компанийн чингэлгүүдээр явдаг. Коско компани чингэлгийн түрээсийн үнээ нэмчихсэн. Ингээд харахаар яалт ч үгүй гаднын шалтгаантай.

Тээврийн үнийг буулгаж болно. Үүний тулд Монгол Улс 51 хувийг төр, 49 хувийг нь хэвшил эзэмшдэг Үндэсний Логистикийн Корпорац байгуулах хэрэгтэй. Тус корпорац Хятадын Коско болон бусад улсын чингэлгийн компаниудтай гэрээ хийх шаардлагатай байгаа юм. Ингэж байж манай ачаа хямдарна.

Өөрөөр хэлбэл, бидэнд гэрээ хийж харьцах ёстой субъект алга. Коско компанитай, Тяньжин боомттой хэн ярих вэ гэхээр субъект нь байдаггүй. Олон жил орхигдуулсан энэ асуудлаа засаж залруулах хэрэгтэй.

- Логистикийн холбооноос энэ тухай болон салбартай холбоотой бусад саналаа хүргүүлж байсан удаатай юу?

- Манай холбоо 2001 онд байгуулагдаад бодлого төлөвлөлтийн чиглэлээр анхаарч ажиллаж ирсэн. Анхны бодлого болох "Транзит Монгол" гээд үндэсний хөтөлбөрийн судалгаан дээр холбооны зүгээс ахалж ажиллаад УИХ-аар батлуулсан байдаг. Харамсалтай нь батлагдаад хэрэгжүүлээгүй. Энэ нь улстөрчдөөс л хамааралтай. Энэ хөтөлбөр хэрэгжээгүйн гай өнөөдөр гарч ирж байна. 

"Транзит Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр Замын-Үүдийн логистикийн төвийг байгуулснаас өөр ямар ч ажил хийгээгүй. Дараа нь бид Зам тээврийн хөгжлийн яаманд Үндэсний Логистикийн Сүлжээ байгуулах судалгааг хийж өгч, боловсруулаад, Улаанбаатар хотод Логистикийн төв байгуулах ТЭЗҮ гаргаж, зураг төслийг нь хийж өгөөд байхад мөн адил улстөрчид явуулаагүй.

Хувийн хэвшлүүд юм хийхийг хичээдэг ч харамсалтай нь төрийн дунд шатанд бодлого ойлгодог хүн алга.

- Логистикийн салбарт эзэн байхгүй болчхоод байгаа гэж ойлголоо?

- Өмнө хэлсэнчлэн тээвэр, логистикийн асуудлыг хэн хариуцах вэ гэхээр эзэн байдаггүй. Зам тээврийн хөгжлийн яам зөвхөн тээвэр, авто зам, төмөр зам, агаарын тээврээ л ярьдаг. Эдгээрийг эдийн засагтай холбодог хэсгийг хэн ч хариуцдаггүй. 30 жил энэ байдлаараа явчихсан. Хувийн хэвшил дангаараа дэд бүтцүүдийг байгуулах боломжгүй шүү дээ. Төрийн оролцоо байх шаардлагатай юм. 

Өнөөдөр гацалт үүсэж, худалдааны бодлого алдагдаж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж, нөөцийн удирдлагагүй болж, үнийн өсөлт явагдаж байгаа нь тээвэр, логистикийн бодлогогүй байдлаас л болж буй хэрэг.

Хойд хөрш дэх асуудлыг бид засаж чадахгүй. Тэгэхээр ганц үдэж байгаа сонголт нь урд хөрш. Одоо урд хөрштэйгөө маш сайн хэлэлцээр, ойлголцолд хүрэх нь чухал. Олон улсын байгууллагууд судалгааг нь хийж гаргасан Хилийн боомтын тухай хуулиа сэргээмээр байна. Байхгүй болчихсон, сэргээж чадахгүй өнөөдрийг хүртэл яваа нь маш харамсалтай түүх.

- Ярилцлагын төгсгөлд агаарын тээвэртэй холбоотойгоор ажигласан зүйл байвал хэлэхгүй юу?

- Монгол Улсын гуравдагч орон руу харьцах нэг хаалга бол агаарын тээвэр. Агаарын тээвэр дотроо карго тээврийг хөгжүүлмээр байгаа юм. Шинэ нисэх онгоцны буудал баригдаж дууссан ч харамсалтай нь карго, агаарын тээврийн эдийн засгийг харилцааг үүсгэх хэмжээнд төлөвлөгдөж чадахгүй байна. Зөвхөн зорчигч тээвэр бус ачаа тээвэр, карго тээврийг төлөвлөх учиртай. Тэгэхгүйгээр хот төлөвлөлт гээд байгаа нь бодлогын маш том алдаа. 

- Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.180] 2022/4/29
Yaanaaa zohitsuulah gazar bhgui gej bnshdee olon jil ingej yvlaa zavharsan ym bee uls ornoo gesen bodlogo bhgui setgel gargahgui hogjii gej bodoj yvaaguin gai
0 | 0 Хариулах
Зочин [107.116.83.34] 2022/4/28
Европын эрчим хүчний хямрал нь санхүүгийн томоохон хямралд хүргэж байна
1 | 0 Хариулах
Зочин [203.169.51.20] 2022/4/28
HUrelsuh gej nuhur 100 jiliin oigooroo urd hurshdoo tom tom yum yarij durguig n hurgesnii lai lanchihgiig odoo bugdeeree edelj bn. Diplomat yos, gadaad hariltsaa gedeg taa nariin hyamdhan dotood uls turuur zolioslogdoh zuil bish.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2022/4/28
Байнга унаж тататаг өвчтэй хүмүүсийн байнга уудаг эм олдохоо байлаа эрүүлмэндиын сайдаа яах вэ хоол ундыг бол яаж ийж баыгаад л олж аргалана эм тариа тасархаар ямар ч арга алга шууд л үхэлтэй тулж байна энэ талаар ард түмэнд мэдээлэл өгөөч
2 | 0 Хариулах
Зочин [192.82.72.2] 2022/4/28
Сэргээгдэх эрчим хүч гэж гоё сонсогддог хэрнээ улс оронд ашиггүй харин бүр алдагдалтай юмыг битгий дахиж хийгээрэй. Тэрний алдагдлыг нөхөх гэж ард нийтээрээ цахилгааны мөнгөн дээрээ нэмэлт төлбөр төлж явж байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.102] 2022/4/28
Tged hujaagaas avah ymuu har yngartsagaa
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2022/4/28
Дарваан хар новш өмхий оросуудад хөнгөлөлттэй тээврийн гэрээ хийж өгсөнөө гавьяа байгуулсан мэтээр ярьдаг байсан. Үр дүнд нь тэд л хямд үнээр тээврээ хийж байна, манай тал хожоод хэмнээд байгаа юм түй ч байхгүй.
3 | 1 Хариулах
зочин [192.82.70.236] 2022/4/28
яг үнэн хэлж байна ийм хүмүүсийн үгийг сонсооч
1 | 1 Хариулах
Зочин [192.82.75.160] 2022/4/28
Яг үнэн. Хувийн хэвшлийнхэн ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт ороод ялах л юм бол тэр шалгарсан компанийг тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтан (женко гэх мэтийн нөхөд) төрийн дунд албан тушаалтнуудад захиалан (ҮХГ-н дарга асан баярсайхан мэтийнхэн ) бүлэглэн элдвээр гүтгэж ,саатуулан зогсоодог. Тэгээд булаан авч гадныханд зарж устгадаг. Энэ мэтээр ажил болгоныг сүйтгэсээр, ААН-үүд дампуурсаар, Монгол улсын маань хөгжил ч хойшлон ухарсан
2 | 0 Хариулах
Зочин [192.82.84.240] 2022/4/28
Yag unen, zov yarij bna
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.188] 2022/4/28
Энэ хүн учир зүйтэй юм ярьжээ. Ийм л юм сонсмоор байгаа юм. Тэгээд тэрийг нь улам сайжруулаад хэрэгжүүлдэг бол асуудлаа хурдан шийднэ. Гэтэл тэдэн сар гэхэд бүх чингэлэг татаж дуусна, өдөрт тэдэн машин нүүрс гаргадаг болно гэсэн сүржин мэдэгдэл үе үе хийдэг ч хари яаж гэдгийг нь хэлдэггүй, өөрсдөө ч яаж хийхээ мэддэггүй. Тийм болохоор тэр нь хэзээ ч биелдэггүй. Учир зүйг ойлгож, түүнд таарсан шийдэл олж, шийдлээ хэрэгжүүлж байж л урагш хөдөлж асуудлаа шийднэ. Харамсалтай нь Монголчууд маань учир зүй ярьсан хүмүүст яснаасаа дургүй. Зөвхөн сайхан агаарын юм сонсож, тэрэнд уярч улам ядуурч суух дуртай юм шиг санагдсан.
9 | 0 Хариулах
byamba [59.153.114.113] 2022/4/28
Юу ч гэсэн гарчиг юм бэ?
0 | 1 Хариулах