Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутагт амиа алдсан охины тухай уншсаныхаа дараа би бусдадаа аав, ээждээ, багш, цагдаа нарт итгэ гэж яаж хэлэх вэ гэх асуулттай тулсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ... дугаар сургуулийн сурагч үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр ментор сурагчаар бэлтгэгджээ.

Асуудал гарсан үед асран хамгаалагч, багш нартаа хэлж, хуваалцах хэрэгтэй гэж бусдадаа зөвлөдөг ч томчуудын хариу үйлдэл, тусламж нь хүлээлтэд нийцэхгүй байгааг шүүмжилсэн юм. 

Ментор сурагч "Би энэ сэдвээр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ментор сурагчаар бэлтгэгдсэн. Нэг сургалтаараа бусдадаа "Эцэг, эхдээ итгэ, багш нартаа итгэ, нийгмийн ажилтандаа бүгдийг хэл, цагдаа ах нартаа ч хэл. Тэд та нарт тусалж чадна" гэж хэлсэн.

Харин маргааш нь би орон нутагт нэг охин амиа алдсан тухай мэдээ уншсан юм. Тэр хүүхэд эцэг, эхдээ, багшдаа, цагдаад бүгдэд нь асуудлаа хэлсэн ч хэн нь ч тусалж чадаагүй байв. Энэ тухай уншсаны маргааш би сургалт явуулах хуваарьтай байсан. Гэвч би хүүхдүүдэд багшдаа, цагдаад, эцэг, эхдээ итгэ гэж яаж заах вэ гэдэг том асуулттай тулсан. Та нар энэ асуултад хариулж өгнө үү.

Хүүхдүүд хэлдэггүй биш, асуудлаа маш сайн хэлдэг ч томчууд ганц удаа туслаад л орхидог. 108 руу залгахад хоёр цагдаа ах ирээд асуудлыг сонссоноо "Аан, за. Эр хүнд ийм юм байх ёстой" гээд хаядаг. Гэтэл маргааш нөгөө хүүхдүүд нь "Чи надад цагдаа дуудлаа" гээд дахиад асуудал үүсэж байгаа юм.  

Сурагчдын өөрөө удирдах байгууллагад байдаг учраас би олон хүүхдийг төлөөлж энд ярилаа. Бидний зарим нь асуудлаа томчуудад ярихаас айдаг. Дараа нь би яах, дараа нь намайг яачих юм билээ гэхээс айдаг. Цагдаад хэлээд нэг удаад тусламж аваад дараа нь яг яах ёстой вэ. Шийдэл авмаар байна" гэсэн юм. 

"Дуудлага өгөхөөс илүү сургуулийнхаа оршдог дүүрэг дэх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандах нь оновчтой"

Үүний хариуд цагдаагийн байгууллагаас "Зөрчлийн талаар дуудлага мэдээлэл ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгэж авч, шалгадаг. Мөн тухайн асуудал яаж шийдэгдсэн талаар эргэн мэдээлдэг.

Сая сурагч нэгхэн удаагийн тусламж үзүүлж байгаа тухай хэллээ. Хөдөлгөөнт эргүүл гэж бий. Эдгээр алба хаагч нь  дуудлага ирсэн даруйд түргэн шуурхай очиж, шалгадаг. Цаашид үргэлжлүүлж шалгах шаардлагатай тохиолдолд хэлтэс дээр аваачиж, өргөдлийн дагуу хуулийн хугацаанд ажиллагааг мөрдөгч, төлөөлөгч буюу хуваарилж авсан алба хаагч шалгаж явдаг. 

Тухайн дуудлага дээр очсон цагдаа бол хамгийн богино хугацаанд очиж, таслан зогсоон, шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэж өгөх үүрэгтэй" гэсэн юм.

Мөн тэрбээр "Өнгөрсөн жил хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 103 алба хаагч томилогдсон. Нэг дүүрэгт багадаа хоёр мэргэжилтэн бий. Зарим тохиолдолд дуудлага өгөхөөс илүү танай сургуулийн оршдог дүүрэгт хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандах нь оновчтой. Тэд та нарын учир шалтгааныг сонсож, зөвлөгөө өгөх болно. Үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагад сэтгэл зүйч ч ажиллаж байна" гэсэн юм.

Бичлэг:
https://fb.watch/bKvqwOKaS3/