Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Түгжрэлийг бууруулахын тулд сурагчдын хичээлийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Их тойрууд байрлаж буй сургуулиудын хичээл эхлэх цагийг өөрчлөх хувилбар яригдаж байна.

Энэ талаарх саналыг Нийслэлийн Боловсролын газраас нэгдүгээр сарын 10-нд танилцуулсан бөгөөд Их тойрууд байршилтай төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын хичээлийн эхлэх цагийг 07:45, 08:15 болгохоор тусгаснаа мэдээлсэн.

Мөн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Засгийн газар хэлэлцэж, боловсролын салбарт хичээлийн цагийг зохицуулах ямар боломж байгааг судлах, туршилт хийх тэмдэглэлийг батлан гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Их тойруу, Бага тойруу буюу хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай сургуулиудын цагийг зохицуулж болох юм гэсэн судалгааг нийслэлийн Боловсролын газраас хийсэн.

Гэхдээ хүүхдүүдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон, унтаж амрах цаг зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлүүдэд тулгуурлаж шийдвэрлэх ёстой гэсэн зөвлөмж зааврыг өгч байгаа" өмнө нь мэдээлж байв.

Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах, энэ зохицуулалтын дагуу нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг уян хатан болгох тухай санал асуулга авна. Санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулна" гэх мэдээллийг өглөө. 

Судалгаагаар нийслэлийн авто замын түгжрэлийн 20 хувь нь сургууль, цэцэрлэгтэй холбоотой байгааг албаныхан мэдээлж байв.

Хичээл хэзээ эхлэх нь тохиромжтой вэ?

Даниел Пинк хэмээх эрхмийн бичсэн  "When" хэмээх ном хэзээ, юуг хийх нь хамгийн үр дүнтэй талаар өгүүлдэг. Тухайлбал, хичээл эхлүүлэх цаг нь хэзээ байвал хамгийн оновчтой талаар судлахад, 08:30 цагаас хойш хичээл нь эхэлдэг хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар сайн, бие эрүүл байдаг бол 08:30 цагаас өмнө хичээлдээ очдог сурагчдын хувьд нойр дутуу байдгаас шалтгаалж дархлаа тааруу, сэтгэлийн хямралд өртөмтгий байдаг аж.

Иймд Англи, Америкт 08:30 цагаас хойш хичээлээ орох нь зүйтэй гэж боловсролын салбарынхан нь зөвлөдөг байна. Гэвч энэ нь бодит байдалд төдийлөн биелдэггүй нь томчуудын ажлын цагт тохируулдагтай холбоотой юм.