Цагаан сарын барилдааны шөвгийн найм буюу зургаагийн даваа эхэллээ.
Шөвгийн наймд шалгарсан бөхчүүдээс хамгийн ахмад бөхөд Максис брэндийн дөрвөн улирлын дугуй бэлэглэдэг уламжлал тогтоод дөрөв дэх жилээ болж буй.
2023 онд анх удаа шагнахад тухайн үед Даян аварга цолтой байсан Н.Батсуурь авч байсан бол 2024 онд улсын аварга П.Бүрэнтөгс, өнгөрсөн онд дархан аварга Н.Батсуурь нар хамгийн ахмад бөхөөр тодорч байв.
Тэгвэл энэ жилийн сар шинийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн бөхчүүдээс Н.Батсуурь аварга насаар хамгийн ахмад буюу 39 насандаа их шөвөгт шалгарсан юм. Улмаар улсын арслан Э.Оюунболдыг амлаж авсан ч Хэнтийн арслан гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон байна.
Ингэснээр дархан аварга Н.Батсуурь хамгийн түрүүнд шөвгийн дөрөвт үлдлээ.
Түүнчлэн цагаан сарын барилдааныг тохиолдуулж "Их Монгол" Х.Шаравжамц аваргын 150 жилийн ойд зориулан нэрэмжит сангаас нь хамгийн ёс зүйтэй бөхийн шагнал гардуулахаар болжээ. Улмаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан С.Сүхбатыг ёс зүйтэй бөхөөр тодруулж, ₮5 сая төгрөгөөр мялаах аж.
Тэгвэл дархан аварга А.Сүхбат өөрийн нэрэмжит "Ирээдүйн аварга" шагналаа 2019 оноос хойш олгоогүй ч өнөө жилийн нэг, хоёрын даваанд заан Б.Бат-Орших, арслан Б.Орхонбаярыг нарыг давсан сумын заан Д.Мөнхтулгад гардуулах болов.
Мөн "Улаанбаатар хивс" ХК 2003 оноос хойш өгч буй цахиур хагалах бөхийн шагналаа аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт олгох болсноо зарласан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!