Италийн "Милан-Кортина 2026" өвлийн олимпод манай улсаас гүйлтийн цанын хоёр тамирчнаас гадна уулын цанын төрлөөр анх удаа өрсөлдөх эрх авсан билээ.
Тэгвэл өчигдөр уулын цанын слалом буюу туг сүлжих төрөлд 20 настай А.Ариунбат өрсөлдлөө. 70 орны 96 тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан тус тэмцээн нь далайн түвшнээс дээш 1,432 метрийн өндрөөс тамирчид 691 метр зам туулах даалгавартай.
Хоёр удаагийн үзүүлбэрийн нийлбэр дүнгээр байр эзэлдэг тус төрөлд А.Ариунбат эхний даалгавраа 1:16.86 минутад дуусгаснаар 43, хоёр дахь үзүүлбэрээр 1:13.16 минутад гүйцэтгэж 37-д орсноор нийлбэр дүнгээр 2:30.02 минутын амжилтаар 38 дугаар байр эзэллээ.
Энэ төрөлд Швейцарын Лоик Мэйяр 1:53.61 минутад 72 тугаа амжилттай тойрсноор алтан медаль хүртэв. 29 настай Лоик энэ удаагийн олимпоос алт, мөнгө, хүрэл медаль хүртээд буй юм.
Тэгвэл Австрийн Фабио Гштрайн мөнгө, Норвегийн Хенрик Кристофферсен хүрэл медаль зүүв. Дөнгөж 20 настай австри жаал олимпын анхны медалиа хүртсэн бол түүнээс 11 ах норвеги эр гурав дахь медалиа гардав.
Эхний оролдлогын дараа тэргүүлж байсан Норвегийн Атле Макграт хоёр дахь оролдлого бүтэлгүйтсэн тул хасагдсан. Нийт 96 тамирчнаас эхний оролдлогоор 50, хоёр дахь оролдлогоор таван тамирчин хасагдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!