Индэр    
2019 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 28: Юуг, хэзээ, яаж хийвэл үр дүнтэй вэ?

Зураг

Америкийн алдарт Сэтгэл судлалын шинжлэх ухаанч Даниель Пинкийн бичсэн "When" буюу "Хэзээ" номыг unlock подкастынхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт хүргэж байна.

Даниель Пинкийн бичсэн зургаан ном өдгөө дэлхийн 35 хэл дээр хоёр сая хувь хэвлэгдсэн байдаг. 

Энэхүү номд ажлаа хэрхэн төлөвлөж, амралтаа хэзээ нь тохируулвал үр бүтээмжтэй байх талаар болон хэзээ ажилд орж, гэрлэхэд тохиромжтойг эрдэмтдийн 700 гаруй судалгаа дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлажээ.

НОМЫН ТУХАЙ #UNLOCK ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:

Номд өгүүлснээр хүний сэтгэл санааны байдал биологийн цагаас шууд хамааралтай байдаг бөгөөд цаг хугацааны дарааллын хувьд оргил үе, уналт, сэргэлт гэсэн гурван үе шаттай аж. 

Харин "Ихэнх хүмүүсийн хувьд сэтгэл санааны хамгийн идэвхтэй үе нь үдээс өмнө байдаг бол уналт нь өдрийн дунд үед явагдаж, харин орой эргээд сэргэлт явагддаг" хэмээн онцолжээ.

Та бүхэнд энэхүү номд тэмдэглэгдсэн зөвлөгөө болон зарим тодорхойлолтыг товчлон хүргэж байна.

Өөрийн биологийн цагаараа та аль бүлэгт хамаарагдах вэ

Хүмүүсийг биологийн цагаар нь:

  1. Болжмор- Өглөө сэргэг байдаг хүмүүс 
  2. Шар шувуу- Орой эрч хүчтэй болдог хүмүүс
  3. Гуравдагч шувуу- Биологийн цаг нь хэвийн буюу Энгийн хүмүүс гэж гурав ангилдаг.

Дээрх гурван шувууны альд нь хамаарч байгаагаас улбаалан хүмүүсийн биологийн цаг харилцан адилгүй байдаг. Тиймээс хүн өөрийнхөө биологийн цагийг тодорхойлсны дараа хийх ажлаа төлөвлөвөл илүү үр дүн гарах болно гэдгийг Даниель Пинк тайлбарласан байна.

Хэрвээ та өөрийгөө аль төрөлд нь хамаарагдахаа мэдэхгүй байвал орой орондоо ордог цагаас эхлээд өглөө босдог цагийнхаа дундажийг тодорхойлоход хангалттай аж. Тухайлбал, та орой 09:00 цагт унтаад өглөө 07:00 цагт босдог бол дундаж нь 02:00 цаг гэсэн үг юм. 

Хэрвээ таны тодорхойлсон цаг хэрвээ 03:00-с өмнө байвал та эртэч болжмор. Харин 03:00-06:00 цагийн хооронд байвал гуравдагч шувуу, 06:00 цагаас хойш байвал та шар шувуу гэсэн бүлэгт тус тус харьяалагдах юм.

Дэлхийн нийт хүн амын 60-80 хувь нь гуравдагч шувуу байдаг бол 14 орчим хувь нь л өглөө эрт босдог хүмүүс буюу болжмор бүлэгт багтдаг. Харин 20 орчим хувь нь шар шувуу гэсэн бүлэгт байдаг аж.

Мөн хүний сэтгэл санаа 14:00-16:00 цагийн хооронд ёроолдоо хүрдэг гэж Даниель Пинк үзэж байна.

Учир нь зарим эрдэмтдийн хийсэн судалгаагаар эмнэлэгт өдөр тутамд тухайн цагийн орчимд дуудлага ихээр бүртгэгддэг гэжээ.

Энэ нь зөвхөн эмнэлэг ч гэлтгүй бүх салбар дээр ажиглагддаг тухай мөн жишээ бий.

Тухайлбал, Их Британид шөнийн 02:00-06:00 цагийн хооронд, эсвэл 14:00-16:00 цагийн хооронд автомашины осол гарах магадлал нь ихэсдэг гэж зарим судалгаанд өгүүлсэн байдаг аж.

Мөн Даниель Пинк биологийн цагаа мэддэг ч, өглөө эрт босохоос өөр аргагүй хүмүүст буюу ажил ихтэй байдаг хүмүүст зориулан алдаа гаргахаас сэргийлж, яаж сэргэг байх тухай хэд хэдэн зөвлөгөөг гаргасан байна.

Нойроо өглөө хэрхэн сэргээх вэ
 

Ус уух. Ихэнх хүмүүс өглөө дөнгөж босоод кофе ууж нойроо сэргээдэг. Гэтэл өглөө босоод шууд кофе уух нь нойр сэргээх тал дээр тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг Даниель Пинк хэлж байна. Учир нь кофе 01:00-1:30 цагийн дараагаас үйлчилж эхэлдэг аж. 

Хүн өглөө босоход бие мах бодь нь шингэний дутагдалд орсон байдаг учраас боссон даруйдаа ус уувал нойр сэргэнэ гэдгийг номд тэмдэглэжээ.

Нарны гэрлийг тусгах. Нарны гэрэлд нойр сэргээдэг гормон байдаг болохоор нарны гэрлийг бие дээрээ тусгах нь нойроо сэргээх нэгэн арга аж.

Өглөөний хоолыг иддэг, иддэггүй хүн гэж бий. Харин шинжлэх ухааны үүднээс өглөөний цайг заавал уух ёстой гэдэг нь батлагдаагүй. Тиймээс өөртөө аль амар байх хувилбарыг сонгох нь илүү дээр байх болно.

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд хэзээ, юу хийх вэ
 

Өдрийн хоолоо сайн идэх. Нойроо сэргээж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд өдрийн хоолоо сайн идэх хэрэгтэй. Учир нь дээр дурдсанчлан өдрийн цагаар сэтгэл санааны байдал уналтад ордог тул энэ үеэр хоол сайн идэх хэрэгтэй аж.

Гэхдээ ажлаа хийнгээ өдрийн хоолоо идэх нь бие мах бодод амралт болохгүй төдийгүй улам залхууг тань хүргэнэ гэдгийг Даниель Пинк хэлж байна.

Өөрийгөө амраах. Орой ажлаа тарахын өмнө таван минутыг өөртөө зарцуулан тухайн өдөр юу хийснээ дүгнэн өдрийн турш амжуулсан ажлынхаа тухай бодох хэрэгтэй аж.

Мөн өглөөнөөс орой хүртэл ажиллах хугацаандаа өөртөө завсарлагаа өгч байх хэрэгтэй. Ингэхдээ болж өгвөл сэтгэл санаа ёроолдоо хүрэх цагт буюу 14:00-16:00 цагийн хооронд амсхийж цэцэрлэгт хүрээлэнд алхах мэтээр ажлаасаа түр салах нь зөв. Ийм төрлийн амралтын хамгийн тохиромжтой хугацаа нь 17 минут байдаг.

Өдрийн цагаар унтах. Өдөр идэвх чинь суларсан цагт хэсэг дуг хийх нь маш их эерэг үр дүнг өгөх аж. Ингэхдээ хэдэн цагаар биш 10 орчим минут л толгойгоо амраахад л хангалттай.

Харин дуг хийхээсээ өмнө аяга кофе уух нь зүйтэй. Кофе уучихаад унтаж сэрэх үеэр биед нөлөөлж нойрыг сэргээдэг ач тустай. Энэ аргыг тэрбээр Напучино хэмээн номд тэмдэглэсэн байна.

Мөн өдрийн цагаар унтах нь тархины үйл ажиллагааг дэмжихээс гадна даралтыг хэвийн хэмжээнд хадгалаж, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдлийг 37 хувиар бууруулдаг гэдэг нь судалгаагаар батлагджээ.

Түүнчлэн өдөрт 20-30 минут унтах нь, нэг цаг биеийн тамирын дасгал хийсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр хүний биенд нөлөөлдөг аж.

Өсвөр насны хүүхдүүдийн хичээл хэзээ орвол тохиромжтой вэ
 

Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн Шар шувуу бүлэгт хамарагдах учир дунд болон ахлах ангид 08:30 цагаас хойш хичээл орох нь зүйтэй. 

Учир нь 08:30 цагаас хойш өсвөр насны хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар сайн байдаг бол 08:30 цагаас өмнө буюу хэтэрхий эрт орсон хичээлд хүүхдүүд анхаардаггүй бөгөөд эрт хичээллэх нь тэдэнд сэтгэлзүйн дарамт үзүүлдэг гэж номд өгүүлжээ.

Мөн 08:30 цагаас өмнө хичээллэдэг өсвөр насны хүүхдүүдэд таргалалтад өртөх нь элбэг байдаг учраас АНУ-д ахлах ангийг 08:30-с хойш хичээллэхийг илүүд үздэг аж.

Жишээ дурьдвал, АНУ-ын хэд хэдэн сургуулийн нийт 9,000 орчим сурагчдын хичээлийн цагийг 08:30 цагаас хойш болгон өөрчлөхөд тэдний сурлагын түвшин нь эрс сайжирсан төдийгүй ахлах сургуулийн хүүхэд машины осол гаргах нь 70 хувиар буурчээ.

Ямар үед ажлын ярилцалгад түрүүлж орох вэ
 

Ихэнх хүмүүс тэмдэглэлт өдөр эсвэл долоо хоногийн эхний өдөр, сарын эхний өдөр төлөвлөсөн ажлаа эхлүүлэх тал бий. Энэ нь маш зөв арга юм.

Учир нь ямар нэг зүйлийн эхлэл болсон өдөр, тэмдэглэлт өдөр хүн "үүнээс хойш яах хэрэгтэй вэ" гэдэг тал дээр илүү нухацтай хандаж дүгнэлт хийдэг аж. 

Харин ажилд орохдоо цөөн бөгөөд хүчтэй өрсөлдөгчтэй байх тохиолдолд түрүүлж ярилцалгад орох нь дээр байдаг бол олон өрсөлдөгчтэй байх үед та хамгийн сүүлд нь орох нь илүү үр дүнтэй гэдгийг Даниель Пинк зөвлөжээ.

Учир нь олон хүн дундаас хамгийн сүүлд орсноор та ажил олгогчийн ой санамжид тод үлдэнэ. Харин цөөн өрсөлдөгчтэй үед түрүүлж орох нь өөрийнхөө стандартыг тэдэнд таниулан арын өрсөлдөгчөө өөртэйгөө харьцуулж, харах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Хэзээ гэрлэхэд тохиромжтой вэ
 

Хэтэрхий эрт бас орой гэрлэх нь салах магадлалыг нэмэгдүүлж байдаг. Номд тэмдэглэснээр гэрлэхэд хамгийн тохиромжтой нас нь 25-32 гэжээ.

Гэхдээ зөвхөн нас гэлтгүй та өөрийн хэмжээнд хангалттай боловсрол эзэмшсэн гэж үзэх хүртлээ гэрлэхгүй байх нь зөв юм.

Мөн гэрлэх хүнтэйгээ дор хаяж нэг жил хамт байж үзсэний дараа гэрлэвэл салах магадлал багасна гэх зөвлөгөөг энэхүү номд бичжээ.

Үйлчлүүлэгчдээ хэзээ нь сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ
 

Аялалд явсан хүний ой тогтоолтод хамгийн сүүлийн өдрийн дусамж нь илүү тод үлддэг гэж судалгаагаар тогтоогджээ. Энэ нь зөвхөн аялал дээр ч биш аливаа зүйлийг яаж төгсгөсөн нь ой тогтоолтод илүү үлддэг байж болох талаар судлаачид хэлсэн байдаг. 

Аливаа үйл ажиллагааны сүүлийн хэсэг хүмүүст өндөр ач холбогдол өгдөг учраас ихэнх кино аз жаргалтай төгсдөг аж.

Тиймээс үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс үйлчлүүлэгчээ хамгийн сайхнаараа үдэх нь чухал гэдгийг онцлон зөвлөжээ.