Уншиж байна ...

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Испанийн өмнөд нутагт малтлага явуулсан археологичид зааны хөлийн ясны хэсгийг олсон нь эртний Ромын түүхтэй холбоотой гэгдэж байна.

Үүнийг эртний Ромын эсрэг аян дайндаа Карфагены жанжин Ханнибал заануудыг ашиглаж байсныг батлах анхны баримт байх өндөр магадлалтай гэж судлаачид дүгнэжээ.

Эртний судар бичгүүдэд Ханнибалын аян дайныг дүрслэхдээ зааныг байлдааны машин болгон ашиглаж байсан тухай олонтоо дурддаг ч үүнийг батлах ямар ч баримт олдож байгаагүй юм.

Тэгвэл Кордоба хотын ойролцоох төмөр зэвсгийн үеийн малтлагаас олдсон зааны яс үүнийг баталж байна.

“Соёоноос өөр зааны ясны үлдэгдэл Европоос олдсон нь маш ховор тохиолдол юм” гэж “Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа судлаачид бичжээ.

Тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг цэргийн жанждын нэг байсан гэгддэг Ханнибал орчин үеийн Тунис улс дахь өөрийн гүрний нийслэл Карфагенаас их цэрэгтэйгээ Ромын эсрэг аян дайнд мордож байсан юм.

Тэрбээр Испани, Францаар дамжин Итали руу довтолсон Пуникийн хоёрдугаар дайны үеэр буюу Нийтийн Тооллын Өмнөх 218 онд 37 заантай Альпийн нурууг давсан гэдэг.

Испаниас олдсон яснууд нь Альпийн нуруунд хүрэхээс өмнө үхсэн зааных бололтой.

Профессор Рафаэл Мартинес Санчесын удирдсан археологичид Колина де лос Кемадос хэмээх газрын нурсан хананы дороос зааны шоо хэлбэрийн 10 см урт яс олжээ.

Ясны насыг орчин үеийн технологиор тогтооход Пуникийн хоёрдугаар дайны үетэй таарсан байна.

Тэд бас уг олдвороо орчин үеийн заан, эртний арслан зааны ястай харьцуулан судалж, гарал үүслийг нь тогтоохыг оролджээ.

Санчесын баг энэ газраас 2020 онд зоос, шавар эдлэл зэрэг тулаан болж байсныг батлах баримтуудыг илрүүлж байсан юм байна.

“Нутгийн уугуул биш, хуурай газрын хамгийн том амьтныг далайгаар тээвэрлэх шаардлагатай. Үхсэн амьтныг ингэж тээвэрлэх шалтгаан байхгүй тул ирснийхээ дараа үхсэн гэж үзэж байна” гэж судлаачдын тайланд өгүүлжээ.

Мөн ясны сонирхол татахааргүй хэлбэр байдал нь гоёл чимэглэлийн зүйл биш байсныг харуулж байгаа гэнэ.

“Уг олдвор нь Альпийн нурууг давахдаа Ханнибалын авч явсан домгийн амьтныг төлөөлөхгүй ч Газар дундын тэнгисийг хяналтдаа авах зорилготой Пуникийн дайнд заан ашиглаж байсныг батлах анхны баримт байж болзошгүй юм” гэж судлаачид тайландаа бичжээ.

 

Эх сурвалж: BBC