Уншиж байна ...

“Загалмайлсан Эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“Загалмайлсан Эцэг” киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгссөнийг Ням гарагт түүний гэргий Люсиана зарлажээ.

“Өчигдөр бид хайртай нөхөр, хайртай найз, манай үеийн хамгийн аугаа жүжигчдийнхээ нэгтэй салах ёс гүйцэтгэлээ. Боб гэртээ амар тайван амьсгал хураасан” гэж тэр мэдээлсэн байна.

Шулуун шударга яриа, даруу төлөв зантай Дюваль шилдэг эрэгтэй жүжигчний Оскарын шагналыг нэг удаа хүртэж, дахин зургаан удаа уг шагналд нэр дэвшиж байсан түүхтэй.

Нэгэн жаранд үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа турш тэр олон гол болон туслах дүрүүдийг бүтээж, эцэст нь найруулагч болж байжээ.

“Дэлхий дахинд тэр Академийн шагналт жүжигчин, найруулагч, түүхч байсан. Харин миний хувьд бүх зүйл минь байсан юм” гэж Люсиана Дюваль эмгэнэлдээ бичсэн байна.

Дюваль 1983 оны “Tender Mercies” кинонд бүтээсэн кантри дуучны дүрээр Оскарын шагнал хүртэж байжээ.

зураг
 

Гэхдээ түүнийг хамгийн их алдаршуулсан дүр нь “Загалмайлсан Эцэг” киноны эхний хоёр бүлэгт бүтээсэн мафийн үнэнч хуульч Том Хаген байсан юм.

Дараа нь Фрэнсис Форд Копполагийн найруулсан Вьетнамын дайны тухай 1979 оны “Apocalypse Now” кинонд  бүтээсэн хурандаа Уильям Килгорын дүрээрээ алдаршиж байжээ.

Дюваль нь харьцангуй хожуу насандаа кино урлагт хөл тавьсан Холливүүдийн жүжигчдийн нэгд тооцогддог. Тэрбээр анх Харпер Лигийн “To Kill a Mockingbird” романаар бүтээсэн 1962 оны кинонд   нууцлаг ганц бие эр Бу Рэдлигийн дүрд тоглохдоо 31 настай байжээ.

Кино шүүмжлэгч Элайн Манчини нэг удаа Дювалийг “АНУ-ын дэлгэцийн хамгийн чадварлаг, хамгийн олон талын авьяастай, хамгийн итгэл даах жүжигчин” хэмээн үнэлж байв.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
1 | 4 | 48 минут