Зураач Т.Отгонбаярын ээлжит нийтлэлийг хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Гадаад харилцаа урд хожид байгаагүйгээр маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрөн одож буй 2025 оны Могой жилд бидний Эх орон-Монгол Улсыг НҮБ-ын гишүүн бүх орон, нийт 200-гаад улс “Хүн төрөлхтний буурал түүхэнд арилшгүй гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн өнө эртний түүхтэй, тусгаар тогтносон өнөөгийн Монгол Улс бол бүрэн эрхт, тусгаар тогтносон улс мөн” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн түүхэн он, түүхэн жил байлаа.
Энэ дэлхийн тусгаар тогтносон бүх улс бүгдээрээ ямар ч эргэлзээгүй биднийг хүлээн зөвшөөрч байгаа нь монгол хүн бүрийн бахархал мөнөөсөө мөн. Би үүнд монгол хүнийхээ хувьд маш их баярладаг, бахархдаг. Гадна дотны найз нөхдөдөө бахархан ярьж, чадахынхаа хэрээр сурталчилдаг. Учир нь ийм эрхэм дээд хүндэтгэлийг улс орон болгон хүлээдэггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ямар их үнэ цэнээр, тухайлбал 1911 онд Манжаас тусгаарлаад 1945 оны бүх ард түмний санал асуулга хүртэл ямар их өртөг төлж байж даян дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэр түүхийг хойч үедээ шувтан зааж сургаж захиж үлдээх юмсан гэж бодном.
1990 оны Монголын Ардчилсан Хувьсгалын үр дүнд манай улсын гадаад харилцааны бодлого өмнөх нийгмийн тогтолцооны үед нэг талыг барьсан хэлтгий бодлогоосоо ангижирч дэлхийн бүх улс оронтой найрсаг хамтран ажиллах гадаад бодлого баримтлах болсон билээ. Ардчилсан шинэ Монгол Улсын энхтайванч, үндэсний эрх ашгаа дээдэлсэн, олон тулгууртай, хэрэг дээрээ төвийг сахисан энэхүү гадаад бодлого нь манай улсын нэр хүндийг даян дэлхийд өндөрт өргөсөн нь дээрх хүндэтгэлийг хүлээх үндсэн шалтгаан юм.
Энэ эрхэм дээд хүндэтгэлийг хүлээхэд Эзэн Богд Чингис Хаан түүний залгамжлагчдын байгуулсан Их Монгол Эзэнт Гүрний маань аугаа сүр хүч нөлөөлсөн нь ч маргаангүй.
Хүндэтгэл хүлээх сайхан хэрэг. Харин хүлээн зөвшөөрүүлэхээр хөөцөлдөнө, ажил хэрэг болгоно гэдэг бас ч гэж тийм ч амар асуудал биш гэдгийг цөөнгүй дипломатыг биечлэн таньдаг хувьд би гадарлах юм. Цаадуул гадаад түншүүд нь бас янз бүрийн ааш араншин гаргана. Арга эвийг нь олно, ухуулна, сурталчилна. "Өө, Монгол уу, ОК" гээд ч байдаг юм биш байна билээ шүү. Энэ төвөгтэй боловч их үйлсийг гардан удирдаж яваа Гадаад харилцааны Сайд хатагтай Б.Батцэцэг болон түүний хамтран зүтгэгчид өчигдөр Гадаад харилцааны салбарын хамгийн өндөр цол болох “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолыг хүртэж байгаа нь зүй ёсны шагнал гэж би бодож байна.
Энэ өндөр цол нь өмнөх нийгмийн үед эрэмбээрээ цэргийн дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал цолуудтай дүйцүүлж байсан нь нэн сонирхолтой. Маршал Х.Чойбалсан гуай бол бүр “Дипломат албаны Маршал цол" гэдэг үгийг аман яриандаа хэрэглэдэг байж. Манай ГЯЯ өмнөх нийгмийн үед 1940-өөд оны сүүлч үеэс 1950-иад оны дунд үе хүртэл Зөвлөлт гүрний жишээгээр хагас цэрэгжсэн газар байсан. Дипломатууд цэрэгжсэн форм өмсдөг, цэрэг маягийн цолтой, мөрдөстэй байсан байдаг. Одоо манай энэ нөхдийн хүртэж байгаа эдгээр өндөр хэргэм цолнууд бол албан ёсоор Төрийн тусгай албаны цол хэргэм гэх боловч хагас цэрэгжсэн төрийн байгууллагын цол гэж би үздэг. Миний хувийн архивт байгаа 1947 оны УБХ-ын тогтоолын анхны эх хувийг сонирхуулъя. Энэ цолнуудаас эхний цол нь хэвээрээ, харин тэр 2 шатлалтай Элчин цол нь ганц болсон, бусад орчин цагаа дагаад шинэчлэгдсэн байх аа. Дам сонсвол одоо Ерөнхийлөгч дээд хоёр цолыг зарлигаараа, Гадаад харилцааны сайд 5 цолыг тушаалаар олгодог болсон гэсэн. Өчигдөр Баярхүүдээ баяр хүргэнгээ тодруулбал тэрбээр Гадаад харилцааны сайдаас олгодог 5 цолны 4-ийг хүртсэн, “Тэргүүн шадар” гэдгийг нь алгассан гэж байна билээ. Тэр 4 нь Түшээ, Итгэмжит, Тэргүүн итгэмжит, Шадар цолнууд юм гэнэ лээ.
Одоогоос 46 гаруй жилийн тэртээ залуухан дэслэгчээр Ардын армид орж ирснээс нь хойш танилцан өнөөг хүртэл нөхөрлөж яваа эрхэм анд, ахмад дипломатч, нэртэй судлаач-нийтлэлч Дашдоржийн Баярхүүдээ “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” гэдэг өндөр дээд цол хүртэж байгаад нь чин сэтгэлээсээ баяр хүргэж, найзаараа бахархаж байгаагаа дахин илэрхийлье! Анд маань гадаад мэдээлэл, гадаад сурталчилгаа, мөн олон улсын харилцааны сургалт-судалгаа, жинхэнэ албанд нь ажиллаад хэдийнээ 47 жилийг туулжээ. Энэ хугацаанд Монгол Улсаас Египет болон Персийн булангийн Кувейт, Саудын Араб, мөн Иран зэрэг 6 оронд эх орноо төлөөлөн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх өндөр албыг нэр төртэй хашсан гэдгийг нь мэдэх юм. Дипломат алба гэдэг хөндлөнгөөс харахад хөнгөн, гоё сайхан алба мэт боловч цагаа тулахад амь насанд ч халгаатай алба гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Д.Баярхүүгийнхээ бичсэн “Тахрирын хувьсгал“, "Тахрирын II хувьсгал”, “Аварзэдээс Бат-Очир хүртэл. Дипломатчийн эгэл бус замнал” зэрэг номуудыг уншиж байхад дайн тулаан, үймээн самуунтай оронд дипломатчид эрсдэл дундуур явж байдгийг эрхгүй ойлгоно. Дэлхийн II дайн, Солонгос, Вьетнам, Афганистаны дайнууд, 1960-аад онд Куба, Хятад, Чехословак, 1989 онд Румын болон Зүүн Европын орнууд зэрэг зарим нь дайн тулаантай, зарим үймээн самуунтай халуун цэгүүдэд тэд ажиллаж байсан тухай уншиж сонсож явлаа. Өөр ч олон жишээ бий.
Дашдоржийн Баярхүү андын хувьд, 2011 онд түүнийг Египетэд ажиллаж байхад нь “Арабын хавар” гэж нэрлэгдсэн хувьсгал дэгдэж, тэр нь үймээн самуун болж тэр үеэр байдал ямар хүнд байсныг “Тахрирын хувьсгал” хоёр боть номдоо тодорхой бичсэн байдаг. Тэр үед Египетэд дэгдсэн хувьсгалын шуурган дундуур тэнд сурч ажиллаж амьдарч байсан монгол иргэдээ эх орон руугаа яаралтай татан авах операцыг тэрбээр амжилттай хийсэн нь манай гадаад харилцааны түүхэнд онцлон тэмдэглэгдэж бичигдэн үлдсэн, өөрөө ч тэр үедээ Төрийн шагнал хүндэтгэл хүртсэн буй заа. Ширүүн, тун амаргүй юм болж байсан юм байна билээ. Бөөн үймээн самуун дундуур улс орон бүр л өөр өөрийн иргэдийн аварч хамгаалах, зөөж гаргах, дүрвүүлэх гээд юун өөр улсыг бодохтой манатай. "Өө, Монгол уу, ОК, за одоохон" гээд байдаггүй. Энэ үед дипломатчийн ур чадвар нэн чухал байдаг юм байна. Тухайлбал хувийн найрсаг харилцаа их чухал байдаг гэдэг нь номоос уншихад илт мэдрэгдэнэ. Гадны дипломатч найз нөхдөө гуйна гувшина. Жижиг орны зовлон бэрхшээлээ тоочно гээд амаргүй байсан байна билээ шүү. Хэн гэдэг монгол хүн хаана алагдлаа, шархадлаа гэсэн мэдээ сонсох вий гэхээс манай диломатчдын яс нь хавтайж байсан байдаг.
Анд маань Монгол Улсын Гадаад харилцааг сурталчлахад олон жилийн турш тасралтгүй, маш их үүрэг гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж үзгээ хурцлан бичсээр ярьсаар байгаа нь баярлууштай. Эх орондоо үндэсний дипломатчдыг сургаж бэлтгэх их үйлсэд ахлах багш хийгээд МУИС-ийн II байрны 4-р давхарт давчуухан өрөөнд сууж байхад нь зочлон очиж л байлаа. Дипломатын цагаан толгой анхлан зааж сургаж бэлтгэсэн шавь нь одоо олон зууд, магадгүй мянгад хүрээ байлгүй. Зарим залуу дипломатчаас “Манай Баярхүүгийн шавь уу?” гэхэд бараг ихэнх нь “тийм ээ” гэж хариулах нь урамтай. Иймд найз маань энэ эрхэм цолыг хүртэх бүрэн эрхтэй гэж би боддог.
Мөн Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд консулаар ажиллаж байсан, одоогоор Киргизстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албаа өндөрлөж буй эрхэм дүү Содномын Ганхуягтаа ”Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол хүртэж байгаад нь чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Монгол Улс, Монгол Төрийн “Алтан аргамж” болсон, Төрийн эрхэм дээд цолоор шагнуулж буй дээрх ахмад болон залуу дипломатчидаа бүгдэд нь баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Гүнээ хүндэтгэсэн зураач Тодын Отгонбаяр
Лондон хот. 2026.02.17
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!