Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын өндөр чансаатай багуудын оролцож буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээний шөвгийн найман багийн нэрс өнгөрсөн шөнө тодорлоо.
Манай улсын "The MongolZ" багийн хувьд хоёр хоногийн өмнө Украины "Natus Vincere" багийг буулган авснаар шөвгийн наймд оролцох эрхтэй болсон.
Тэгвэл шөвгийн наймд Бразилын "FURIA" багтай оноолт таарсан бөгөөд энэ сарын 21-ний 01:00 цагт Во3 журмаар тоглох хуваарьтай байна. Хэрэв уг тоглолтод хожвол шөвгийн дөрөвт Францын Team Vitality болон Туркийн Aurora Gaming багийн аль хожсонтой нь энэ сарын 22-ны 02:00 цагт тоглох юм.
Харин энэ тэмцээний хүрээнд манай багийн шинэ тоглогч cobrazera буюу У.Анарбилэг маш сайн үзүүлэлттэй тоглож байгаа бөгөөд шөвгийн наймд оролцох эрхийн төлөөх тоглолтын сүүлийн мөчид чухал буудалтуудыг амжилттай гүйцэтгэсэн билээ.
"The MongolZ" баг сүүлийн таван учраандаа Бразилчуудыг хожиж чадаагүй байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн сард зохион байгуулагдсан Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээний хэсгийн шатанд хожигдсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!