Уншиж байна ...

Валентиний баярын өдөр Италийн алдарт “Хайрт хосуудын хаалга” нуран унажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Италийн эрэгт оршдог “Хайрт хосуудын хаалга” нэртэй байгалийн чулуун байгууламж хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон хүчтэй бороо, салхины улмаас Валентиний баярын өдөр нуран унажээ.

Адриатын тэнгисийн эрэгт Пулья мужийн Мелендуньо хотын Сант Андреад оршдог энэ өвөрмөц хэлбэртэй хад гадаад дотоодын жуулчдыг олноор татдаг, хосууд нэг нэгэндээ гэрлэх санал тавьдаг алдартай газар байсан юм.

“Энэ бол бидний хувьд Валентиний баярын хүсээгүй бэлэг байлаа” гэж Мелендуньо хотын дарга Маурицио Чистернино орон нутгийн хэвлэлд харамсан ярьжээ. “Байгаль энэ нуман хаалгыг бүтээсэн ч буцаагаад авчихлаа” гэж хэлсэн тэрбээр орон нутгийн аялал жуулчлалд том цохилт болсныг хүлээсэн зөвшөөрсөн байна.

зураг
 

Ням гарагийн өглөө уг хад нурж, алга болсныг нутгийн хүмүүс анх мэджээ.

Сүүлийн өдрүүдэд Италийн өмнөд хэсгийг дайрсан Ориана нэртэй далайн шуурга хад чулууны элэгдлийг түргэсгэсэн нь нурах шалтгаан болсон гэж албаныхан үзэж байна.

“Бид орон нутгийнхаа нэг онцлог үзмэр, бэлгэдэл болсон өмч хөрөнгөө алдлаа. Харамсалтай нь Ориана шуурга шиг цаг уурын үзэгдлийн үеэр байгалийн ийм үйл явц хурдасдаг” гэж Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Пулья мужийн захирагч Антонио Декаро мэдэгджээ.

Тэрбээр эрх баригчид цаашдаа эрэг орчмын үзэсгэлэнт газруудын элэгдлийг удаашруулахад анхаарал тавин ажиллах шаардлагатай байгааг онцолсон байна.

 

Эх сурвалж: BBC