Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Олон Улсын Сансрын Станцын ашиглалтын хугацаа 2030 онд дууссаны дараа Номхон далайн Поинт Немо хэмээх хэсэгт унагахаар төлөвлөснийг NASA өчигдөр мэдээлжээ.
Үүний дараа анх удаа хувийн хэвшлийн станц дэлхийн тойрог замд ажиллаж эхлэх юм байна. Хуучин болон шинэ станцуудын хоорондох шилжилтийн үйл явцыг дэмжиж ажиллахаа NASA илэрхийлжээ.
Олон Улсын Сансрын Станц (ISS- International Space Station) нь 1998 оны арваннэгдүгээр сард анх ашиглалтад орж байсан юм. Модуль бүтэцтэй уг байгууламжийг АНУ-ын NASA, ОХУ-ын Роскосмос, Японы JAXA, Европын ESA, Канадын CSA байгууллагууд хамтран зохион бүтээж, дэлхийн тойрог замд хүргэж байв.
Станц ашиглалтад орсон цагаасаа хойш дэлхийг 100,000 гаруй удаа тойроод байна. Өнгөрсөн хугацаанд шинжлэх ухааны маш олон туршилт, судалгааны ажлыг тус станц дээр явуулсан юм.
2026 оны аравдугаар сараас эхлэн станц дэлхий рүү бага багаар ойртож эхлэх ба 2031 оны нэгдүгээр сард агаар мандалд орж ирснийхээ дараа Поинт Немод унах ажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!