Хотын 176 уулзварын хиймэл оюун ухаанд суурилсан камерыг нэгдсэн болон есөн дүүргийн хяналтын төвтэй холбожээ
Улаанбаатар хотын авто замын 176 уулзвар, гарцыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон есөн дүүргийн дэд төвтэй холбосон болохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.
"Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын "Зогс" шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлснээр автотээврийн ослыг бодитоор бууруулна.
Ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдаж, түгжрэлийг бууруулах үндсэн нөхцөл бүрдэж байна" гэв.
Зөвхөн хотын төвд бус гэрлэн дохиотой уулзвар бүрд буюу Баруун салаа, Зүүн салаа зэрэг захын хорооллын гэрлэн дохиотой уулзваруудад камер суурилуулжээ.
- Замын уулзварт "Зогс" шугам давж зогссон бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр
- Гэрэл дохио зөрчсөн бол 20,000 төгрөгөөр
- Авто зам дээр эгнээ байр буруу эзлэх журам зөрсөн тохиолдолд 20,000 төгрөгөөр
- Үргэлжилсэн цагаан зураас давж зүүн тийш болон буцаж эргэсэн бол 50,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
