Уншиж байна ...

Сурагчдын амралтын үеэр томуу болон амьсгалын замын халдвар 50%-иар буурсан тул хичээллэх хэлбэр, амралтын хуваарийг өөрчлөхгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2 цаг 24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 60.4 (-5,3) тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 7.3 (-0.3) тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын I улирлын амралт дууссан, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс, Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцжээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Оюутан, суралцагчдын амралтын үеэр томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол 50%-иар буурсан, иймд хичээллэх хэлбэр, суралцагчдын амралтын хуваарьт өөрчлөх шаардлагагүй болохыг онцлов. Харин хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх үед буцаад дэгдэлт нэмэгдэх тул үүний хариу арга хэмжээ авахад талууд анхаарч, төлөвлөгөө гарган, зөвлөгөө мэдээллийг эрчимжүүлнэ" гэв.

Өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга нь "Амны хаалт хэрэглэх" тул хүйтний эрч сулраагүй, агаарын бохирдол их байгаа энэ үед бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагч, ажилтан, албан хаагчдыг амны хаалт хэрэглүүлж хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж зааврыг дагаж ажиллахыг зөвлөж байна.