Хятад эзэмшигчтэй сошиал платформ ТикТокийг АНУ-д хориглох хуулийн хэрэгжилтийг 75 хоногоор хойшлуулах захирамжид ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
Захирамжид гарын үсэг зурж байхдаа Трамп тус платформын зах зээлийн үнэлгээ $1 их наяд хүрч болох, үүний талыг нь Америк компани эзэмших боломжтойг хэлсэн байна.
“Бид ТикТокийн хүмүүстэй хамтарсан компани байгуулах боломжтой гэж би бодож байна. Цаашдаа юу болохыг харцгаая” гэх тэр хэлжээ.
Ингэхдээ тэр Америкийн талаас хэн эзэмших талаар дурдаагүй байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр ТикТокийн эзэмшлийг АНУ-д шилжүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь хориглох хуулийг Конгресс баталж байв.
Уг хуулийн хэрэгжилт нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэх байлаа.
Одоо тус компанийг Хятадын ByteDance компани бүрэн эзэмшдэг. Энэ нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг байж болзошгүй гэх хардлагыг төрүүлдэг юм.
Бямба гарагийн орой АНУ-ын зах зээлд ТикТок үйл ажиллагаагаа зогсоосон юм. Маргааш нь Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа хуулийн хэрэгжилтийг хойшлуулахаа амласны дараа дахин ажиллаж эхэлжээ.
ТикТокийг худалдаж авах санаагаа хэд хэдэн том хөрөнгө оруулагч илэрхийлээд байгаа. Тэдний дунд “Shark Tank” шоуны шүүгч Кэвин О’Лэри, Трампын өмнөх засаг захиргааны сангийн сайд асан Стив Мнучин зэрэг хүмүүс байгаа юм.
Дональд Трампын хувьд өмнөх засаг захиргааныхаа үед ТикТокийг хориглох саналтай байсан. Тухайн үед тэр Америкийн компанид худалдаагүй тохиолдолд ТикТокийг хориглох ёстой, худалдсан тохиолдолд АНУ-ын сангийн яам томоохон хувийг нь эзэмших ёстойг хэлж байжээ.
Майкрософт компани 2020 онд ТикТокийг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн ч Трампын бүрэн эрхийн хугацаа дуусаж байсан тул хэрэгжээгүй өнгөрч байв.
Гэхдээ Трампын сая гаргасан захирамж Конгрессын баталсан хуулийн хэрэгжилтийг хойшлуулах эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй байна.
"Худалд, үгүй бол гар" гэсэн утгатай уг хуульд хэрэгжилтийг хойшлуулах цорын ганц боломж нь зөвхөн “ерөнхийлөгч Конгресстой зөвшилцсөн тохиолдолд” гэж тусгасан байдаг гэнэ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!