Уншиж байна ...

"Мөсөн сурын харвааг өвлийн олимпын төрөлд оруулах алсын зорилготой ажиллаж байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын мөсөн сурын холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ЛИГ” харваа зохион байгуулж буй талаар өнөөдөр мэдээлэл хийв.

Мөсөн сур нь Баян-Өлгий аймгийн Булган суманд уламжлагдаж ирснийг 2008 онд хадгалж, хамгаалах, хөгжүүлэх зорилгоор холбоо байгуулагджээ. Одоогоор 21 аймаг, Улаанбаатар хотод мөн ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан уйгар, Казахстан, АНУ-ын Нью Йорк хотод салбар холбоод байгуулсан юм.

Энэ төрлийн харвааг 2013 оноос спортын төрөлд хамааруулж, цол зэрэг олгож эхэлснийг холбооны төлөөлөл бий болжээ. Спортын цол зэрэгтэй 250 гаруй харваач төрснийг Монголын Мөсөн Сурын Холбоо (ММСХ)-ны тэргүүн, цагдаагийн хурандаа А.Гомбодорж хурлын эхэнд дурдлаа.

"Монголд анх удаа харвааны тэмцээнийг лигийн журмаар зохион байгуулна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"ЛИГ" харваа зохион байгуулах талаар тэмцээний ерөнхий шүүгч н.Буяннэмэх "Бид жил бүр Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн УАШТ-д шилдэг 16-д шалгарсан багийг лигийн зарчимд оруулж байна.

Лиг зохион байгуулснаар алсдаа өвлийн олимпын хөтөлбөрт оруулах зорилготой.

Тэмцээнд оролцох 16 багийг хоёр ангилсан. Дээд лиг, "Магнай" лиг гэж зохион байгуулна. Лигийн гуравдугаар тойргийг УАШТ гэж ойлгож болно.

Хөдөө мөсөн дээр идэр есний хүйтэнд харвадаг учраас үзэгчид хомс байдаг. Тиймээс орчин үеийн техник, технологи ашиглаад телевиз, цахимаар шууд дамжуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн жилийн УАШТ-ий шууд үзэлтийн тоо хоёр өдөрт 100,000 байсан.

Энэ спортыг хөгжүүлэхээс гадна өв тээж яваа тамирчдад үр өгөөжөө өгөөсэй, харваачдын аж амьдрал нь дээшлээсэй гэж бид маш их сэтгэл гарган ажиллаж байгаа" гэж ярилаа.

2023 оноос 2050 он хүртэл Монгол Улсын Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг дэмжихтэй холбогдуулан маш олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг хэлбэр нь мөсөн сурын тэмцээнийг шат дараатай хөгжүүлэх юм. 

Тиймээс тус холбооны ирээдүй гэгээлэг байгааг зохион байгуулагчид онцолсон юм.