Индэр    
5 цаг 13 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Монгол-Турк: Өргөн агуулгатай жишиг айлчлалын цаана гарлаа

Зураг

Олон удаагийн Төрийн айлчлалд дагалдан явсан, бэлтгэл ажилд нь ба явцад нь гар бие оролцсон, бодлого төлөвлөлт, мэдээлэл-дүн шинжилгээнийх нь ажлыг хийлцэж явсны хувьд би ийм нэгэн гарчиг сонгоод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн Төрийн айлчлалыг дүгнэн бичихийг зорилоо.

Гурав, дөрөв, магадгүй түүнээс ч олон жил ярилцаж хөөцөлдөж байж гуравхан өдрийн айлчлалыг бүтээдэг жишиг олон улсын харилцааны практикт байдаг. Түүнээс энэ айлчлал зөрөөгүй. Санаснаар сэтгэлчлэн, бүр давж биелсэн ч энэ айлчлалыг хэрэгжүүлэх гэж хоёр талдаа хоёр улсын Дипломат албад чамгүй их чармайлт гаргасныг тэмдэглэж талархал дэвшүүлэх нь зүй!

зураг
 

Яагаад өргөн агуулга гэж нэрлэв гэвэл дөрвөн өдөрт нь харьцуулаад тэгж нэрлэлээ. Төрийн тэргүүний Төрийн айлчлал мөн. Гэхдээ улс төр, эдийн засаг-бизнес, цэрэг-батлан хамгаалах, соёл урлаг, түүх-археологийн гээд өргөн хүрээг хамарсан иж бүрэн айлчлалыг 4-хөн өдөрт амжуулсан учраас тэгж нэрлэсэн хэрэг юм. Яагаад жишиг айлчлал гэж нэрлэв? Урьд өмнө хийгдэж байсан айлчлалуудаас мөн л нөгөө 4-хөн өдөрт амжуулсан тэр ёслол-хүндэтгэл, зочлол, хүмүүнлэг-соёлын арга хэмжээнүүдийг нэгтгэн дүгнээд жишиг гэсэн нэр өгсөн хэрэг юм.

Төрийн айлчлалд мэдээж Төрийн тэргүүн нарын уулзалт, хэлэлцээ, ёслол-хүндэтгэл чухал байр эзэлнэ. Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд айлчлал хэрэгжсэн учраас бэлгэдэл талаасаа нэн ач холбогдолтой. Ноён У.Хүрэлсүхийн онож хэлснээр “Энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна” гэсэн нь гол дүгнэлт болно.

Турк гэж бидний хувьд хэн бэ, хэн гэж хандаж харилцах ёстой вэ, яагаад Турктэй тогтоосон харилцаагаа эрхэмлэн үзэх ёстой вэ гэдэгт Төрийн тэргүүн мөн л оновчтой тодорхойлолт өгчихсөн: -Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид “гуравдагч хөрш”, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг гэжээ.

Тэгвэл Монгол нь Туркийн хувьд хэн юм бэ гэдэгт ноён Р.Т.Эрдоган ингэж тодорхойлсон:–Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа. Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ. Бүр томруулж глобалчлан дүгнэсэн юм биш үү? Дөрвөн орон зайг нэрлэжээ. 1) Монгол, Турк хоёр улс; 2) Түрэгүүдийн өвөг дээдсийн өлгий нутаг болох манай Монгол; 3) Төв Азийн салбар тив; 4) Дэлхий дахин бүхэлдээ. Тэрээр хэвлэлийн хуралд “Би Монголд айлчилмаар байна, бүр энэ жилдээ, удахгүй” хэмээн шууд хүслээ илэрхийлсэн нь итгэлцэлийн ил тод жишээ биш гэж үү?

зураг
 

“Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын Төрийн тэргүүн гарын үсэг зурсан. Цаашлаад “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан.

Айлчлалын улс төрийн агуулгыг нь дээр товчлон бичлээ. Соёл урлаг талаасаа Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялааж, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээлээ. Өвөг дээдсийнх нь унаган нутгийн талын нүүдэлчдийн соёлоор түрэгүүд бахархсан байх, нэг хэсэгтээ мартамгүй дурсамж тэнд тэдэнд үлдээж чадлаа. “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцсон нь (аль аль талаасаа 100 орчим) бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэн харууллаа. Хамтран ажиллая гэвэл тэд бидэнтэй бүхнээ хуваалцахад бэлэн байна. Хязгааргүй их боломж, бүтээн байгуулалт, мөнгө санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөц, туршлага сургамж, бас “Монгол ахан дүүсээ гэсэн сэтгэл” бүгд тэнд байна. Бид л хичээж ажиллах хэрэгтэй. Хамтын ажиллагаа-бизнесээ эрхэмлэх хэрэгтэй.

зураг
 

Миний хувьд өргөн агуулга гэдэг дээр хоёр салбарыг нь нэн ихээр онцгойлж үзлээ. Би бэлтгэл офицер, ардын армид алба хаасны хувьд Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа ийм өндөр түвшинд итгэлцэж бэхжсэнийг хараад, турк нөхөд ингэж илэн далангүй сэтгэлээсээ хүлээн авч зочилсныг мэдрээд үнэхээр баяр бахдал төрж байлаа. Нисэх хүчнийхээ аж үйлдвэрийн хоёр том үйлдвэрт Монгол Төрийн тэргүүнийг хүлээн авлаа. Анкарад Туркийн агаар, сансрын аж үйлдвэрийн компанид зочлуулж, үйл ажиллагаатай нь танилцууллаа. Турк бол бүс нутагтаа, НАТО-д тэргүүлэх зэргийн цэргийн хүчирхэг гүрэн гэдэг нь тэр хоёр үйлдвэрт шувтан мэдрэгдэж байлаа. “Монголын зэвсэгт хүчний нэгэн үйлдвэр Туркэд, энд ажиллаж байгаа шүү гэж бодоорой”, “Монгол ахан дүүстэй юугаа ч хуваалцахад бэлэн байна” гэсэн тэдний үгс сэтгэлд цаанаа л нэг дулаахан.

Стамбулд батлан хамгаалах-нисэх хүчний аж үйлдвэрлэлийн “Баякар” компани биднийг гайхалтай хүлээж авлаа. Бидний мэдэх “Баярактар” зэвсгийг төрөл төрлөөр нь дэлгэн үзүүлж, үйлдвэрийн бараг бүх дамжлагаар зочлууллаа. “Баякар” компанийн захирал нь ноён Эрдоганы хүргэн хүү болж таараад, хамтын ажиллагааны итгэлцэлийг дахиад нэг шат ахиулчих шиг боллоо. Би л тэгж мэдрэхээр байлаа. Манайхан одоо хичээх хэрэгтэй. Энэ боломжийг шүүрээд авах хэрэгтэй. Армиа дронжуулаад авцгаая. Төрийн тэргүүнийг Босфорын тэнгисийн цэргийн командлалд хүлээн авч зочлуулсан нь бүр ч гайхалтай. Далай тэнгисгүй Монгол Улсад флот гэгч нь алсуур мэт боловч түрэг нөхөд яагаад ч юм, ийм элэгсэг дотно, бас итгэмжилсэн арга хэмжээг зохион байгуулсан нь анхны түүхэн тохиолдол болов уу.

Миний хувьд өргөн агуулга гэдэгт онцолсон хоёр дахь салбар бол түүх-археологийн үнэт өв сан билээ. Би эрдэмтэн судлаачийнхаа өнцгөөс тэгж онцгойллоо. Анкарад мэдээж Бүх туркуудын эцэг, энэ БНУ-ыг үндэслэгч, Кемаль Пашагийн бунхан, дурсгалын цогцолбор, музей нэн эрхэм. Хөтөлбөрийн цагт баригдаад даан ч удаан саатаж чадсангүй. Бүхэл өдрийг өнгөрөөхөд таатай мэдрэмж төрөхөөр том цогцолбор байна.

зураг
 

Стамбулд Топкапы ордон музейд зочилно гэдэг их хувь заяа байлаа. XV зууны Оттоманы эзэнт гүрний их хааны (Султан) ордон. Бидний, монголчуудын сэтгэлд гүн суусан нөгөө “Судрын чуулган” хэмээх хөлгөн судраа тэнд биетэй бодитойгоор үзэж харж, таалж мөргөж залбирах нь олдошгүй хувь тохиол юм даа.  

Тэндээсээ бид Аяасофиа сүмд (одоо бол мечет) зочиллоо. “Софиа Хагиа” гэж олон зуунаар нэрлэгдэж асан энэ сүм анхлан христосын том чөрч байсныг одоо исламын мөргөлийн мечет болгосон, гэхдээ загалмайтны шашны үнэт өв, мянганы түүхтэй ханын зурагууд яг биетээрээ хадгалаатай үлджээ. Одоо бол дэлхийн хоёр том шашны хамтарсан том байгууламж, соёлын өв, онгон дагшин газар болжээ. Хоёр шашин нэг сүмд зэрэгцэн байгаа цорын ганц биет тохиолдол энэ болов уу.

зураг
 

Түүх-археологийн үнэт өв сантай танилцах айлчлал маань Туркийн зүүн өмнөд хязгаар болох Ван нуур, Ван хот, Акмадар арал руу үргэлжиллээ. Төрийн айлчлалын хүрээнд Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач хүү Ил хаан Хүлэгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа. Ил хаан Хүлэг нь 1259 оны намар тэр нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар шийдсэн, барилгын ажил 1261-1265 онд өрнөсөн, МУИС, Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан судалгааны баг 2022-2023 онд Ван аймгийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул судалгаа, сорилтын малтлага хийж уг зуны ордны туурийг нээн илрүүлсэн ажгуу. Сониноос өвөг дээдсийнхээ энэ дагшин газарт Монгол Төрийн тэргүүн 760 жилийн дараа морилсон нь энэ байлаа. Тэндээсээ Ван нуурын Акдамар арал дахь армен христосын сүмийн хананд сийлсэн Хүлэг хааныхаа чулуун хөргийг (морин тэргэн дээр нум сум агссан) үзэж сонирхсон нь хосгүй хувь тохиол яах аргагүй мөн.

зураг
 

Дүгнэж үзэхэд энэ удаагийн Төрийн айлчлал агуулга, ач холбогдол, үр өгөөж, оюун санааны хувьд нэн өргөн, бүр иж бүрэн айлчлал байлаа. Урьд өмнөх айлчлалуудаас ялгаатай нь 4-хөн өдөрт энэ бүхнийг багтааж амжуулж чадсандаа байгаа юм. Улс төрийн дээд түвшний нөхөрсөг, ах дүүсэг уулзалт, Төрийн ёслол-хүндэтгэл, хүмүүнлэг-соёл-түүхийн ба цэрэг-батлан хамгаалахын гээд нэгтгэн дүгнэж үзээд жишиг айлчлал гэхээс өөрөөр нэрлэшгүй!

“Монгол ахан дүүсээ гэсэн сэтгэл” тэнд байна шүү!