Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

“Арабын ардчилал”-д анхнаасаа итгээгүй ганц улс

Редакцын бус нийтлэл
Зураг

Израиль түрүүлээд АНУ дараалаад хоёулаа нийлэн Иранд цохилт өгөв. Ираны цэрэг-улс төрийн оройг үгүй хийв.

Хувь заяагаа, эх орноо эргүүлж авахыг (хэрэг дээрээ засгийн эрх) Вашингтон, Иерусалимаас иранчуудад уриалан дуудсаар байна. Ямар ч атугай лалын шашны мунхруулал, тэнэглэл, харгислалын эсрэг томхон үйл хэргийг глобал тавцанд өдөөгөөд өглөө. Хөрш Афганистанд нь ч Талибаныг Пакистаны гараар хашраалгаж байх шиг. Энэ тухай өгүүлэх гээгүй. Харин жүүдийн Төрт-улс чухам яагаад лалын исламистуудыг газрын хөрснөөс арчих санаархалтай байдаг жишээг 9 жилийн тэртээ бичиж байснаасаа эргүүлж сонирхуулъя.

2011 оноос хойш 6 жилийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байж ирсэн, энэ цаг үеийн хамгийн сонирхолтой, эмзэг, адармаатай сэдэв бол Араб дахинд өрнөсөн нийгэм-улс төрийн хувьсгалт үйл явц билээ. “Хувьсгалт” л гэе дээ. Нийгмийн байгууллаа шүүмжлэн, эрх баригчдынхаа эсрэг босч тэмцсэн, тэр нь анхандаа ардчилсан тэмцэл байснаа сүүл рүүгээ улс орноо орвонгоор нь эргүүлээд байгаа тул тэгж нэрлэхээс аргагүй. Бүтэн 6 жилийн турш дэлхий дахин түүний төлөө түгшлээ, доргилоо, маш олон улс орон тоглогч болон оролцлоо. Америк тэргүүтэй олон улсын эвсэл 65 гишүүн улстай болчихсон байна. Гэтэл энэ бүх явдлаас биеэ татаад авчихсан, өөрт нь огтын падлийгүй мэт аашлах ганц л орон тэр бүс нутагт торойн хоцорчээ. Тэр бол жүүдийн төрт-улс Израиль билээ.

Израиль нь Арабын хавар-т бүр анхнаас нь өөдрөг бусаар хандаж, болзошгүй ажиллагаанд бэлтгэсээр, эв нь олдвол Сири рүү ганц нэг цохилт өгчихөөд, ихэнхдээ дүлий дүмбэ оргиод сууж байх. Энэ бол арабчуудын мөнхийн хөрш, өмнө нь 6 удаа араб хөршүүдтэйгээ дайтаж байсан хур туршлагатай улс юм. “Арабын ардчилал”, “Исламын ардчилал” гэж огтоос байхгүй ба боломжгүй хэмээн жүүдүүд хээв нэг ярьдаг.

Арабын хувьсгал эхэлж байхад жүүдийн удирдагчийн хэлж ярьсан санал дүгнэлт өнөөдөр улам бүр нотлогдлоо.

Үүнд:

  • Энэ “Арабын хавар” гэдэг нь фундаменталист лалын өвөл болж хувирлаа. Үүний үр дүн нь гэвэл бүх нийтийг хамарсан дайны магадлал бодитой боллоо – Израилийн армийн ар талын дарга генерал Э.Айзенберг;
  • Арабын дарангуйлагч нар ээлж дараалан унах нь гарцаагүй боллоо. Харин тэглээ гээд арабын өвөл удтал үргэлжилж таарлаа – Батлан хамгаалахын сайд асан Моше Аренс;
  • Хахуульд идэгдсэн дампуурсан арабын дарангуйлагчдыг халж гарч ирсэн Засгийн газруудтай хэл амаа ололцоход тун бэрх, хянаж хүчрэгдэхгүй – Гадаад хэргийн сайд А.Либерман.

Хэрэв хил даван үсэрхийлбэл Сири дэх мусульманчуудын өвөр хоорондын дайны хөлд хэлмэгдэж мэдэх нь Израиль гарцаагүй мөн. Асадын дараахи Сиритэй энх тайвнаар зэрэгцэн оршиж чадах уу гэх асуулт олон жүүд хүний сэтгэлд гүн суужээ. Израиль, Сири нь 43 жил дайнгүй байгаа. Голаны өндөрлөгийг энх тайвны барьцаа болгон 1973 оноос Израиль мэдэлдээ барьж байна. Энэ байдалд Сири асуултын тэмдэг шинээр тавилаа. Учир нь “Израилийг газрын хөрснөөс арчина!” гэдэг Иран цэргээ илгээгээд Асадыг хамгаалаад авсан, шиитүүдийн буюу Тегераны мэдэлд Ойрхи Дорнодын 4 нийслэл очлоо хэмээн Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху зарлачихсан. Тэр дөрөв нь Бейрут, Дамаск, Сана, Багдад. Яг л тийм байгаа.

зураг
 

Оросын агаарын довтолгооноос хамгаалах С-300 комплекс Башар Асадын гарт орох тэр үед л түүнийг Израилийн эсрэг ашиглахгүй байх баталгаа алга хэмээн тус улсын агаарын цэргийн командлагч генерал Амир Эшель үзэж байжээ. Асадын армитай мөр зэрэгцэн тулалдаж буй “Хэзболла”-гийн гарт энэ хүчирхэг зэвсэг очвол, эсвэл “Лалын улс” олзлон авбал бүх дэлхийн жихадад нь ашиглагдахгүй гэх баталгаа хаана байна хэмээн израилийн энэ генерал асууж байв. Түүний хэлсэн нь:

  • Сири хэзээ мөдгүй нуран унахад бэлэн байна. Нөхцөл байдал гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Сирид тулалдаж байгаа олон тооны террорист бүлэглэлүүд Асадын цэргийн зэр зэвсгийг олзлон авахыг сонирхож байна. Үүнд Израиль бэлэн байх ёстой. Израиль нь агаарт ямагт давамгайлж ирсэнийхээ ачаар хөрш арабын улсууддаа ялагдчихалгүй, төр улсаа аюулгүй авч яваа учраас л С-300 комплекс дээр эмзэглэж байна.

Асадын холбоотон Хэзболлагийн талаар өөр нэг ноцтой мэдээлэл түгжээ. Англи нийтлэлч Жейми Деттмерийн бичсэн мэдээ. Сири рүү чиглэн явж буй Хэзболлагийн отрядын нэг том захирагчийн өөрт нь ярьснаар бол, Сири нь Хэзболлагийн хувьд ердөө ашигтай полигон (хээрийн сургуулийн талбай), Сирид хийж буй тэдний үйлс бол Израиль руу хэтдээ хийх ажиллагааны ерөнхий сургуулилалт гэжээ. Сирид сайн сургуулилаж, гаршиж аваад жүүдийн төр–улс руу Хэзболла бууныхаа амыг эргүүлнэ хэмээн Деттмер сэрэмжлүүлжээ. Тэр мэдээ Израильд аюулын харанга дэлдсэн мэт тархсан даа.

Ерөөсөө Сирийн дотоодын иргэний дайнаас үүдэн Голаны өндөрлөг дэх эрх ашгаа хамгаалахаар болзошгүй дайнд бэлтгэж эхлэх тухай шийдвэрийг израилийн армийн жанжин штабын дарга Бени Ганц бүр 2013 онд өгсөн байдаг. Хил дээрхи байдлыг Асад шатлан өргөжүүлж ноцтой байдалд аваачвал бид хариу үйлдэл үзүүлэхээр бэлэн байх хэрэгтэй хэмээн тэрээр Голаны өндөрлөгт очоод ярьж явжээ. Израилийн нутагт явсан машин руу галласан, хариуд нь израилийн их буучид гал нээсэн, израилийн нисэх хүчин Сирийн хил давж Ливанаас очиж яваа цувааг нь бөмбөгдсөн гэхчлэн үйл явдал тэр үед өрнөж байсан тул дайн гарцаагүй гэж үзэхээр байв. Израилийн Батлан хамгаалахын сайдын ярьснаар, эрх баригч эвслийн намуудын төлөөлөл орсон аюулгүй байдлын асуудлаархи явцуу танхим гэдгийг Ерөнхий сайд Б.Нетаньяху дэргэдээ эмхлэн байгуулж, нууц зөвлөлгөөн хийж, нууц мэдээлэл тараадаг болсон, 2 сая хүн хамруулан хүн амыг хими, биологийн зэвсгийн довтолгооноос хамгаалах томхон хээрийн сургууль израилийн армийн ар талын албанаас зохион байгуулсан зэрэг нь нэн ноцтой баримтууд болов уу.

Сири дэх дотоодын дайн хөрш Израилийн хил рүү тулж ирсэн, бүр маргаантай бүс нутаг болох Голаны өндөрлөгийн ойролцоох шалган нэвтрүүлэх боомт босогчдын гарт орсон тухай Reuters агентлаг мэдээлж байсан. Ширүүн байлдааны явцад НҮБ-ын энхийг сахиулагчдын мэдлийн баазад бөмбөг тусч, НҮБ-ын цэрэг шархадсан, израилийн Цфат хотын эмнэлэг шархдагсдыг хүлээн авч эхэлсэн, Голаны өндөрлөгөөс 380 энхийг сахиулагчаа Австри арга буюу эргүүлж татсан нь саяхны үйл явдал юм. Нийт 1000 цэрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхнээс цөөрсөөр филиппин, марокко, молдовын хэдхэн цэрэг үлдсэн, одоо тэд хэд болсныг мэдэхгүй. Австрийн өмнөхөн Хорват, Япон нь цэргүүдээ татаж авсан, хэрэв дайн дэгдлээ л бол тэнд энхийг сахиулагчид ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй. Олон улсын энхийг сахиулагчид, ажиглагчдыг ингэж бөөнөөр нь гэнэт татаж авсан тохиолдол 1967 оны 6 өдрийн дайны үед тохиосон ба одоо нэг бус удаа давтагдлаа. Голаны өндөрлөгийн нөгөө хэсэг нь Сири дэх радикал исламистуудын гарт орвол жүүдийн төр улсын эсрэг гэнэтийн террорист халдлага тасрахгүй гэдгээс Израиль Улс үнэхээр түгшинэ.

DEBKAfile гэдэг сайт өөр нэг өнцгөөс мэдээ нийтэлсэн нь бас анхаарал татна. Хэдийгээр Асадын дэглэм жүүдийн төр улсын мөнхийн дайсан ч гэлээ израилийн тусгай хүчнийхэн, цэргийн тагнуулынхан Сири дэх “үс сахалдаа баригдсан” лалын хэт даврагч, фундаменталистуудад туйлаас тааламжгүй хандаж, тэдэнтэй холбоотон болно гэхээс үнэхээр жийрхэж байна гэсэн байв. “Араас хутга шаахыг нь хүлээж суух хэрэг үү?” хэмээн жүүдүүд Засгийн газартаа асуулт тавьж байна.

Байлдааны театр дахь нөхцөл байдлыг буруу тооцоолбол маш том алдаа болно гэж израилийн цэргийн стратегичид үздэг. Яг одоо сирийн сөрөг хүчнийхэн, исламистууд Алеппод бараг бүрэн бут цохигдож, ганц нэг салангид бүлгүүд нь хотоос гарч явсан. Дамаск хавьд исламистууд байхгүй байна. Сирийн мөргөлдөөн сонин биш болж хувирлаа. Иракт исламистууд ялагдлаа хүлээж байна. Харин тэр тарж одсон, олон жижиг бүлгүүд болж буй “Лалын улс”-ын хэдэн мянган дайчид хаачих вэ? Бас нэг хувилбар–Алеппод ялалт байгуулсан сирийн армийнхны эх оронч хийрхэл, омогшил сэдэрвэл буулт нь Израиль байх болно. Гэхдээ Орос арай тийм юманд хүргэхгүй Дамаскийг хазаарлаж авна. Харин Иран, Хэзболла хоёр тэгж хазаарлах уу? Бүр түлхэнэ. Эндээс л ОХУ, Ираны зөрчил буглана.

Өөр нэг хувилбар: Нэгэнтээ хэзээ мөдгүй нуран унахад бэлэн байсан дэглэмээ Асад тогтоогоод авлаа. Дотоодын дайндаа ялахын тулд Асад нь Орос, Ираныг түшлээ. Харин одоо Израильтай найрсаг харилцаа тогтоох, энх тайвны гэрээ байгуулах нь илүү ашигтай юм биш үү, ерөөсөө “Лалын улс”, Аль-Каеда-гийн нусристуудын эсрэг АНУ, Израильтай Сири нэгдчихэж болохгүй юу гэх асуулт тавьж хариулт хайя. Үүнд Асад өөрөө дур мэдэн хариулалтгүй боллоо. Асадыг араас нь зэвсэглэн, санхүүжүүлэн, цэргээ илгээн туслаж байгаа Иран нь одоогоор АНУ, Израилийн эвлэршгүй дайсан учраас Асадад тийм боломж гарч ирэхгүй. Ираны санхүүжүүлж Израилийн эсрэг ашиглаж ирсэн Хэзболла тийм эвлэрлийг бүр тэвчихгүй. Радикал–лалын Аль-Каеда (cуннитууд), Хэзболла (шиитүүд) хоёр жүүдийн төр улсын эсрэг хамтран тэмцэх хөг нь нэгэнт өнгөрсөн.

Асадын хувьд “Лалын улс” ба нусристуудын эсрэг АНУ, Израильтай нэгдэж ажиллах шалтаг шалтгаан, гарц байна. Юу гэвэл дарангуйлагч Асадыг үзэн ядах сэтгэлдээ хөтлөгдөөд АНУ дэглэмийнх нь эсрэг тэмцэгчдийг дэмжиж байсан боловч нөхцөл байдлыг хяналтаасаа бүр алдчихгүйн тулд хамгийн үл бүтэх радикал босогчдоос айхтар цэрвэж болгоомжилж, адаг сүүлд нь тэднийхээ эсрэг агаараар дайтаад эхэлсэн, Иракт хуурай газраар ч байлдлаа. Асад энэ баримтыг өөртөө ухаалгаар ашиглаж болохгүй гэж үү? Трамп Сирийн хууль ёсны Засгийн газрыг унагахгүй хэмээн амлаж байсан. Тэр ч мөн их боломж Асадад нээж өгч байна.

Хэт лалжсан исламистуудыг хөнөөх цэргийн ажиллагааг Америк үргэлжлүүлнэ. Дайснаасаа салах гэсэн биш Аль-Каеда, шинээр мэндэлсэн “Лалын улс” хэмээх дайсантайгаа нэг нуувчинд хамт зэрэгцээд хэвтэж байж болохгүйг Вашингтонд эрхбиш ойлгосон нь том дэвшил бус уу?

“Засгийн газрын мэдээ”, 2017.05.02