Индэр    
3 цаг 14 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Гантөмөр: Төгсбуянтаар тооцоход шинийн 1-нд байх ёстой сар нь битүүний үүрээр тохиох учраас Цагаан сарын баяр шинийн нэгэнгүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Билгийн тооллын 17 дугаар жарны хөхөгчин Могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд шинийн 1-ний өдөр тасарсан учраас хоёрдугаар сарын 28-нд битүүн, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ны өдөр тохиож байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй. 

Мөн монголчууд билгийн тоолол хөтөлж эхэлснээс хойш анх удаа гуравдугаар сард цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байгаа нь содон зүйл юм. Энэ талаар бид өмнө нь МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Ц.Гантөмөрийн Монгол билгийн тооллын цаг тооны бичиг ашиглан мэдээлэл бэлтгэж байсан билээ. 

Харин энэ удаад түүнтэй бидний хэрэглэж буй Төгсбуянтын зурхайд цагаан сарыг хэрхэн тооцдог, шинийн 1-ний өдөр яагаад тасарсан, цаг тооны бичгээ шинэчлэх шаардлагатай эсэх талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна. 


- Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

- Би 2000 онд МУИС-ийн физикийн ангийг төгсөөд Физик технологийн хүрээлэнд нэг жил ажилласан. Үүний дараа Нидерландад математикийн чиглэлээр магистр докторын зэрэг хамгаалсан.

Үргэлжлүүлэн АНУ-ын Сандего хотын Калифорнийн их сургуульд гурван жил пост-доктороор суралцаж, судалгаа хийхийн хажуугаар хичээл заадаг байлаа. 2009 онд Канадын МакГилл их сургуульд профессор болж, математикийн хичээл зааж байгаад цар тахлын дараа Монгол Улсын Их Сургуульд багшилж байна.

- Та билгийн тооллын цахим цаг тооны бичиг зохиож, олон мянган жилийн тооцооллыг хийсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

- Манай улсад цагаан сар хэзээ болох вэ гэдэг сэдэв олон нийтийн анхаарлыг татдаг. Би оюутан байхдаа Л.Тэрбиш гэдэг хүний цаг тооны бичгийг хараад яаж тооцож буйг их гайхсан. Ямар дүрэм баримталж, яаж тооцож байгаа нь миний сонирхлыг татсан учраас хайсан боловч олдоогүй.

Гандангийн лам нар манай сургуулийн оюутнуудад ямар нэгэн дүрэм баримталж, тоо нэмж хассанаар цагаан сар хэзээ тохиохыг олдог хэмээн зааж өгсөн байсан. Үнэн хэрэгтээ тэр дүрэм тоог яагаад хэрэглэж байгаа талаар бичиж үлдээсэн зүйл байгаагүй.

2016 оны үед Европын нэгэн математикч Төвөдийн цаг тооны бичгийн талаар судлаад, эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байсныг би олж уншсан. Энэ бичвэрт монгол цаг тооны бичгийг хэрхэн хөтөлдөг талаар тооцоо хийсэн байсан. Би тэр тооцоог нь аваад Төгсбуянтын зурхайг ашиглаж цахим цаг тооны бичиг бүтээсэн. Миний цахим цаг тооны бичиг Л.Тэрбишийн тооцоололтой яг таарч байгаа. 

Буруу тооцоолол хийсэн бол өдөр алгасах, давтагдах зэрэг нь зөрөх магадлалтай. Гэтэл олон мянган жилийн тооцоолол нь яг таарч байгаа юм. Тэгэхээр Л.Тэрбиш гуай тодорхой дүрэм баримталж цаг тооны бичгээ зохиосон гэж болно. 

"тавдугаар ангийн мэдлэгтэй, дөрвөн аргын тоондоо сайн хүн Төгсбуянтын зурхайн 20 дүрмийг сайн мөрдөөд байвал тооцоолол хийж болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Тодорхой дүрэм баримталж цаг тооны бичгийг бүтээдэг талаар ярилаа. Ямар дүрэм баримталдаг талаар уншигчдад мэдээлэл хуваалцана уу?

- Бидний өдөр тутамдаа ашигладаг Аргын тооллын Григорын календарь буюу цаг тооны бичиг нь дөрвөн жил тутамд нэг удаа 366 хоногтой байдаг. Эсвэл дөрөвт хуваагддаг жилүүдэд хоёрдугаар сар 29 хоногтой гэсэн үг юм. Өдөр шөнө тэнцдэг үзэгдлийг заавал гуравдугаар сарын 22-нд тааруулахын тулд иймэрхүү байдлаар явж байгаа. 

Хэрэв жил бүр 365 өдрөөр яваад байвал нэгдүгээр сард хаврын өдөр шөнө тэнцэж, есдүгээр сард өвлийн улирал эхлэх магадлалтай. Тиймээс дөрвөн жил тутамд нэг өдөр нэмж өгдөг. Гэхдээ дөрвөн жил тутамд нэг өдөр нэмэх аргыг МЭӨ 45-1500 он хүртэл Европт Юлийн календарь гэдэг нэртэйгээр мөрдөж байсан. Юлийн календарь нь мянган жилийн дараа буюу 1500-аад онд арван өдрөөр зөрчихсөн. 1500-аад оны үед өдөр шөнө тэнцэх үзэгдэл гуравдугаар сарын 11-нд тохиож байсан гэсэн үг. 

Тиймээс Юлийн календарийг шинэчилж Григорын календарийг гаргаж ирээд арван өдрөөр алгасаж тоолсон. Жишээлбэл Григорын календариар зууд хуваагддаг жилийг 366 хоногтой биш гэж үзээд 400-д хуваагддаг бол мөн гэж тооцсон. Үндсэндээ энэ календарь гуравхан дүрэмтэй. 

Харин Төгсбуянтын зурхай нь үүн шиг атлаа ойлгоход хэцүүхэн 20 гаруй дүрэмтэй юм. Гэхдээ тавдугаар ангийн мэдлэгтэй хүн тэр 20 дүрмийг сайн мөрдөөд байвал тооцоолол хийж болно. 

- Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр тасарсан. Шинийн 1-ний өдөр яагаад тасарсан бэ? 

- Бид билгийн тооллын хаврын эхэн болон дунд сараа заавал хаврын улиралд байлгах ёстой. 6000 оноос билгийн тооллын хаврын эхэн сар зуны улиралд тохиож байгаа нь утгагүй зүйл. 

Өдөр тасарч байгаа нь сарын байрлалтай холбоотой үзэгдэл юм. Битүүний өдөр гэдэг нь өвлийн адаг сарын 30-н буюу сар, нар хоёр зэрэгцэж сар харагдахгүй болж байгаа гэсэн үг.

Бид сарны хөдөлгөөнийг харж он тооллоо хөтөлдөг. Нарыг тэнгэрт хөдөлгөөнгүй байна гэж төсөөлбөл, газар дээрээс харахад сар дэлхийг баруунаас зүүн тийшээ тойрон эргэлдэж байдаг. Ингэж яг нэг бүтэн тойроод ирэх хугацааг нь бид билгийн сар эсвэл зүгээр сар гээд байгаа юм.

Нийт 360° өнцгийг сар 29.5 хоногт тойрч байна гэхээр хоногт 12.19° өнцгөөр, цагт ойролцоогоор 0.5° өнцгөөр шилжинэ. Сар нарыг дайрч өнгөрөхдөө ихэнх тохиолдолд яг урдуур нь ордоггүй (тэгвэл нар хиртэлт болно), гэхдээ маш ойрхон зөрж өнгөрдөг.

Нар сар хоёр хоорондоо хамгийн ойртож ирэх мөчийг "сар битүүрэх" гэх бөгөөд энэ мөчөөс 0° гээд тоолбол сарны байрлал 90° дээр ирэхэд тал сар, 180° дээр ирэхэд тэргэл сар тохиох гэх мэтчилэн явна. Байрлал заасан энэ өнцгийг нар сарны хоорондох өнцөг гээд бодчиход нэг их алдахгүй

зураг
 
Сарны арвидал хомсдолын үе буюу билгийн сар нь 29.5 хоног байдаг бол сарны дэлхийг тойрох үе буюу одны сар нь 27.3 хоног байдаг. Энэ хоёр хугацаа хоорондоо зөрөөтэй байгаа нь дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнтэй холбоотой (Хамгийн баруун гар талд ногооноор будагдсан хэсгийг хар).

Аргын тоололд өдрийг 00:00 цаг эхэлнэ гэж үздэг. Харин билгийн тоололд өдрийг нар ургах үед эхэлдэг хэмээн тооцдог. Тэгэхээр нар ургаагүй байвал өчигдөр гэсэн үг. Энэ жилийн хувьд шинийн 1-нд байх ёстой сарны хөдөлгөөн битүүний үүрээр тохиож байгаа гэж болно. Гуравдугаар сарын 1-ний үүр цайх үед үзэгдээд алга болно. Харин гуравдугаар сарын 1-ний шөнө дунд шинийн 2-ны сар үзэгдэнэ.

"энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний сар нэлээд хуучирчихсан байх учраас тасарсан гэж тодорхойлоод байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Шинийн 1-ний сар гуравдугаар сарын 1-ний хэдэн цагийн үзэгдээд алга болох вэ? 

- Төгсбуянтын зурхайд байдаг сар нарны явдлын тооцооллоор бол энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний сар нэлээд хуучирчихсан байх учраас тасарсан гэж тодорхойлоод байгаа. Шинийн 1-ний сар байх ёстой хэмжээ, хугацаанаасаа жаахан томорчихсон байх учраас шинийн 2-ны гэж нэрлээд байгаа.

Тэргэл сарыг шинийн 15-нд тааруулдаг шиг сарны хэмжээнээс хамаарч тухайн өдрийн он сарыг тааруулж буй хатуу дүрэм Төгсбуянтын зурхайд үйлчилдэг. Сарныхаа хэмжээгээр тухайн өдрөө шинийн 1, 2-н гэж нэр өгөөд явдаг. 

Бид Төгсбуянтын зурхайгаар цагаан сараа тэмдэглэдэг. Тэгэхээр энд хоёр том асуудал гарч ирнэ. Эхнийх нь Төгсбуянтын зурхайд яагаад ийм асуудал гарч байна вэ. Нөгөөх нь ямар цаг тооны бичиг ашиглаж цагаан сараа тэмдэглэх вэ гэдэг асуудал юм. Төгсбуянтын зурхайг ашиглахыг хүсвэл шинийн 1-ийг тасруулаад ч болтугай тэмдэглэх ёстой. Гэтэл надад таалагдахгүй байна гээд өөрчилж болохгүй.

- Монголчууд сарны хөдөлгөөнийг ашиглаж хаврын тэргүүн сарын шинийн 1-ийг тооцож байна. Хятадууд нарны хөдөлгөөнөөр цаг тооны бичгээ тооцдог. Тиймээс бидний тоолол нэг сараар зөрдөг хэмээн лам нар яриад байдаг. Энэ ямар учиртай вэ? 

- Хятадууд бидэнтэй ижилхэн сарны хөдөлгөөнийг тооцож цаг тооны бичгээ хөтөлдөг. Дүрэм нь арай өөр гэх үү дээ. Хятадын цаг тооны бичиг нь манай Төгсбуянтын зурхай шиг 20 дүрэмтэй биш. Байгаль дээрх сар, нарны хөдөлгөөнийг шууд ажигладаг. Тэд ойрын жилүүдийн сар, нарны хөдөлгөөнийг ажиглаж хаврын тэргүүн сараа эхлүүлж байгаа.

Төгсбуянтын зурхайн сар нарны хөдөлгөөнийг тооцдог хэсэг тийм ч нарийн биш. Нарийн бус тооцоолол дээрээ үндэслэж өнөөдөр хэд дэх өдөр вэ гэдгийг гаргадаг дүрэм бий.

Харин хятадуудын тоололд нар, сарны хөдөлгөөнийг манайх шиг тооцоолдог хэсэг байхгүй. Ямар ч хамаагүй аргаар тооцоолж болох бөгөөд нар сар тодорхой нэг байрлалд байвал өнөөдөр ийм өдөр шүү гэсэн хатуу дүрэм бий. 

Төгсбуянтын зурхайн сар нарны хөдөлгөөнийг тооцдог хэсгийг нарийвчилсан ч Хятадуудын тооллоос зөрнө. Манай тоолол өдөр алгасах дүрэмтэй бол Хятадын цаг тооны бичиг ийм дүрэм байхгүй.

Бид 15-ны сарыг заавал тухайн сарынхаа 15-ны өдөр тааруулахын тулд өдөр алгасдаг. Хятадуудын хувьд 15-ны сар хэзээ байх нь хамаагүй, өдөр алгасахгүйгээр 1-29 хүртэл дугаарлаад явчихдаг гэж болно.

"Төгсбуянтын зурхайгаар удаан яваад байвал цагаан сар тохиох өдөр 1,000 жил тутамд нэг сарын зөрүүтэй болж эхэлнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Таны цахим Монгол цаг тооны бичигт тооцоолсноор 6,000 оноос цагаан сар долдугаар сард болохоор байсан. Энэ нь ямар учиртай вэ?

- Төгсбуянтын зурхайг 1400-аад оны үед Григорын календарь шиг тааруулчихсан. Төгсбуянтын зурхайгаар удаан яваад байвал цагаан сар тохиох өдөр 1,000 жил тутамд нэг сарын зөрүүтэй болж эхэлнэ.

Манайх хэрэглэж эхэлснээс хойш 600 гаруй жил дараагаас цагаан сар нь 17 хоногоор зөрчихсөн явж байгаа. Тодорхой дүрмээ дагаад бодож байгаа учраас цаг тооны бичгийн буруу биш. Манай цаг тооны бичгийн нар, сартай хэрхэн зохицох ёстой вэ гэдгийг тааруулсан тооцоолол нь урт хугацаандаа зөрчихсөн байгаа юм. 

- 2100 оноос цагаан сар гуравдугаар сард тохиох нь энгийн үзэгдэл болж эхлэх юм байна. Төгсбуянтын зурхайг шинэчлэх шаардлагатай юу? 

- Төгсбуянтын цаг тооны бичиг нарны явдалтайгаа зөрж эхэлсэн байгаа. Тиймээс бага зэрэг засвар хийх шаардлагатай. Нартай зөрж байгааг нь буцааж, дүрмийг нь өөрчилдөг ч юм уу. 

Билгийн тоолол нь 1027 оны үед Энэтхэгээс Төвдөд орж ирсэн нар сарны хөдөлгөөнийг тооцоолдог арга юм. Үүнийг 1447 онд Төвдүүд шинэчлэхдээ анхны зарим дүрмүүдийг нь сайжруулж, заримыг нь жаахан муутгасан. Үүнийг нь сүүлд 1786 онд манайд оруулж ирсэн. Хэрэв Энэтхэгээс оруулж ирсэн дүрмээрээ явсан бол 1,000 жил тутамд нэг сараар зөрөх алдаа нь бага байх ёстой байсан. 

Тооцоолол хийхэд амархан болгохын тулд өөрчилсөн байж магадгүй. Монголчуудын газар нутаг, цаг агаарт тааруулж өөрчилсөн гэж яриад байдаг. Энэ бол дэгстүүлсэн яриа юм. Төвөдөөс орж ирсэн дүрэм, тооцоолол яг ижилхэн байгаа.

Цаг тооны бичиг энгийн байх ёстой. Хятадууд Манжийн хааны үед цаг тооны бичгээ сар нарны бодит хөдөлгөөнтэй холбоотой Астрономийн календариар сольсон. Төгсбуянтын зурхайн сар, нарны хөдөлгөөнийг тооцдог хэсгийг болиулчхаж болно. Яг хятадууд шиг сар, нарны хөдөлгөөнийг тооцож болно. Орчин үеийн нарийн тооцдог аргаар шинэчлэх шаардлагатай. 

Хятадуудтай ижилхэн болно гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ манай тооллын өдөр алгасдаг, нэмдэг, илүү сар нь хэвээрээ байх учраас ялгаатай байдлаар цаг тооны бичгээ зохиох юм.