Индэр    
3 цаг 38 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Future Minerals Forum 2025"-ын үеэр 28.5 тэрбум ам.долларын Санамж бичиг, хэлэлцээрүүд байгуулагдав

Зураг

Гуравхан хоногт 28.5 тэрбум ам.доллароор хэмжигдэх Харилцан ойлголцлын санамж бичиг, хэлэлцээрүүд хийгдсэн нь "Future Minerals Forum 2025"-ын бодит үр дүн байв.

Саудын Арабын Хаант Улс форумыг ажил хэрэгч, бодит үр дүнд тулгуурлан яаж зохион байгуулж болдгийг дээрх дүн илтгэсэн гэхэд болно.

Байгуулагдсан хэлэлцээрүүд нь голчлон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, геологийн хайгуулыг өргөжүүлэхийн зэрэгцээ олон улсын уул уурхайн салбарт Саудын Арабын Хаант Улсын эзлэх байр суурийг хүчирхэгжүүлэхэд чиглэгдсэнийг албан ёсны мэдээллийн хуудсанд нь дурдсан байлаа. Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан голлох чиглэл нь уул уурхайгаас гадна санхүү, судалгаа, технологийн инновацад түшиглэсэн хөгжүүлэлт зэрэг байгаа юм. Энэ нь форумын нээлтийн өдөр Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, эрхэмсэг ноён Бандар Алхораефын хэлсэнчлэн “Уул уурхайн цахиурын хөндий” болох зорилготой нь нийцэж буй.

Тус улс газрын тосноос гадна алт, зэс, мөнгө, цайр, төмрийн хүдэр зэрэг олон төрлийн ашигт малтмалтай бөгөөд нийт боломжит нөөцийнх нь хэмжээ 2.5 их наяд ам.доллар.

Харах зүг нэг...

Дэлхийн 178 орноос 20,000 гаруй хүнийг цуглуулсан тус чуулганыг сурвалжлахаар Монголоос хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 20 орчим хүнтэй баг очсон.

Ирээдүйн ашигт малтмалын форумыг сурвалжилсан энэ өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс нэгдсэн зорилготой, бүх зүйлээ тун тодорхой болгосон тул гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарын гол тоглогчдыг өөртөө татаж байгаа нь харагдаж байв. Мөн тус улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдан шинэчлэгдсэн хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад ээлтэй, сайн хуульд тооцогддог байна.

Тус улсын яамд, агентлагууд, төрийн өмчит компаниуд нь  форумын үеэр үйл ажиллагаагаа бусдад уриалагхан, товч тодорхой танилцуулсаар байв.  Тэд гадаад болон дотоодын аж ахуйн нэгжүүд нь ямар хөнгөлөлт боломжууд эдэлдэг талаар, Саудын Арабт үйл ажиллагаа явуулахад үзүүлэх санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгүүдийн талаар цогц мэдээллийг хүргэсээр байсан. 

Мөн энд өөр бусад улсаас ч төрийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүд нь хүрэлцэн ирж, өөрсдийн танилцуулах хэсгүүдийг бэлдэн хамтын ажиллагааг санал болгож байв.

Өөрөөр хэлбэл "Future Minerals Forum" нь уул уурхайн салбарынхныг нэг дор цуглуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх томоохон талбар болсон байна.

зураг
 

Тухайлбал Пакистан улс өөрийн нутаг дэвсгэртээ ямар ашигт малтмал хаагуур бийг тэмдэглэсэн том гэгч загвар бэлтгэсэн байлаа. Хөл хөдөлгөөн ихтэй байсан тэдний танилцуулах хэсэгт очиж, тулгамддаг асуудал болон форумд оролцож буй зорилгыг нь тодруулахад “Манай улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй хоёр асуудал бий. Нэгдүгээрт хөрөнгө санхүүгийн дутагдал, хоёрдугаарт шинэ технологи. Иймээс бид гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, хамгийн сүүлийн үеийн технологиудыг нутагшуулах зорилготой энд ирсэн” гэж байв.

"Саудын Арабын иргэд уул уурхайг эсэргүүцдэггүй"

Саудын Арабын иргэд уул уурхайд хэрхэн ханддаг талаар салбарын яамных нь төлөөллөөс тодруулахад "Эсэргүүцэх хүн байдаггүй. Харин ч хөрөнгө оруулах, хамтран ажиллахдаа таатай байдаг" гэсэн нь сонирхол татаж байлаа. Учир нь манай улсад уул уурхайг эсэргүүцэх, томоохон төслүүдийг гацаах байдал газар авсан гэхэд болно.

Хэдийгээр байгаль хөндлөө, сүйтгэлээ гэх боловч үнэн хэрэгтээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг гар утас, автомашин, зурагт, компьютер, тог цахилган гээд бүгд л уул уурхайн хүчээр бий болдог билээ. Тэгэхээр үүнийг эсэргүүцэх биш үр дүнтэй ашиглалт, нөхөн сэргээлт, нутгийн иргэдийн ажил эрхлэлт, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх гэх зэрэг талаас нь хардаг, шаарддаг байвал зүйтэй санагдсан. 

"Улс орнууд чухал ашигт малтмалын төлөө өрсөлдөж байна"

Дэлхий дахинаа эрчим хүчний шилжилтийг ярьсаар буй. Энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой. Гэвч эрчим хүчний шилжилт хийхийн тулд ашигт малтмалыг илүү их олборлох, тэр нь эргээд хүлэмжийн хийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүчний сайд, Эрхэмсэг ноён Абдул-Азиз бин Салман Аль Сауд хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр эрчим хүчний шилжилтийн талаар ийнхүү танилцуулав.

зураг
 

Эрхэмсэг ноён Абдул-Азиз бин Салман Аль Сауд “Цахилгаан бол зөвхөн цахилгаан үйлдвэрлэх тухай асуудал биш. Түгээх, дамжуулах зэрэг үе шатуудтай  бөгөөд энэ бүхэнд өртөг бий. Эдгээрт эрдэс баялаг ашиглах нь зайлшгүй.

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний шилжилт хийхэд эрдэс баялгийн хэмжээ хэр их шаардахыг харуулъя. 2023 оны байдлаар суурилагдсан байгаа нарны хавтангийн хүчин чадлын хэмжээ 1,400 Гигаватт байгаа бол 2030 онд 3,800 Гигаватт болохоор байна. Мөн салхи, батарей гээд бүгдийнх нь хүчин чадлыг нэмэгдүүлэхээр буй. Үүнээс улбаалан чухал ашигт малтмалын эрэлт ихсэж, хэрэглээ өснө.
зураг
 

Иймд ханган нийлүүлэлтийн ажлыг хариуцлагатай, найдвартай явуулах шаардлагатай. Саудын Араб хэмээх ганц улс энэхүү том зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй. Олон орон хамтдаа хичээх учиртай. 

Эрчим хүчний аюулгүй байдлыг авч үзвэл эрдэс баялгийн нөөцийг олборлох, боловсруулах, баяжуулах процесс нь газар зүйн хувьд нэг дор төвлөрсөн шинжтэй, шинэ үйлдвэрлэл хөгжүүлэхэд маш их хугацаа зарцуулагддаг. Уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд дунджаар 18 жил шаарддаг.

Түүнчлэн энэ салбар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 12 хувийг эзэлж буй. Голчлон нүүрс ашиглаж байгаа учраас уул уурхайн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь их төвөгтэй. Тухайлбал нэг тонн лити үйлдвэрлэхийн тулд 15 тонн хүлэмжийн хий ялгаруулж байна.

зураг
 

Түүнчлэн өөр нэг тулгамдаж буй асуудал нь дээр дурдсанчлан төвлөрөл. Чухал ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэл баяжуулалт нь цөөн хэдэн улсад төвлөрсөн байна. 

Саудын Араб бол чухал ашигт малтмал гэж ярьж буй ганц улс биш. Одоогоор 35 орон чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг зарласан. Эрэлт нэмэгдсээр байна. Өндөр өртөг зардал шаардахын зэрэгцээ монополи байдал энэ салбарт үүсэж болзошгүй байгаа. 

зураг
 

Бид ханган нийлүүлэлтийн сүлжээг дотооддоо үүсгэж, гадаад зах зээлд ч ажиллах хүсэлтэй байна.

2030 он хүртэл эрчим хүчний шилжилт хийхийн тулд шаардагдах чухал ашигт малтмалын хэрэгцээг тооцож үзэхэд хром, манган, никель, цайр, газрын ховор элемент зэрэг нь одоогийнхоос ес дахин их шаардахаар байна. Бид зорилгодоо хүрэхийн тулд тууштай ажиллах ёстой. Саудын Араб бол чухал ашигт малтмалыг нийлүүлэхэд шаардлагатай бүхий л хөшүүргийг ашигладаг. 

Бидэнд ямар ашигт малтмал байгааг бид сайн мэдэж байгаа. Үүнийгээ ч нуулгүй хэлдэг. Одоо хөгжүүлэх хэрэгтэй байна.

Эрчим хүчний аюулгүй байдлын талаарх асуудалд эргэн оръё. 12 гишүүнтэй OПЕК оргил үедээ нийт газрын тосны 40 хувийг нийлүүлж байлаа. Харин одоо газрын тос нь эрчим хүчний аюулгүй байдлын гол түлхүүр байхаа больсон. Хий, цахилгаан, уул уурхай нь эрчим хүчний аюулгүй байдлыг тодорхойлох болов. Дээр харуулсан зарим улс орон чухал ашигт малтмалын 50 гаруй хувийг нийлүүлж байна.

Улс орнууд чухал ашигт малтмалыг эзэмших, өөрийн гэсэн ханган нийлүүлэлтийн сүлжээтэй болохын төлөө өрсөлдөж байгаа. Хэрэв энэхүү нөөцийг олж авахаар яарвал хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж, металлын үнэ өсөж, эрчим хүчний өртөг ч нэмэгдэхээр байгаа юм. Хиймэл оюун ухаан, дата төвүүд, крипто олборлолт зэргийг бодохоор эрчим хүчний хэрэглээ ирээдүйд яаж өсөхийг та бүхэн төсөөлөөд үз дээ.

Эрчим хүчний аюулгүй байдал, хямд төсөр үнэ, тогтвортой байдал нь чухал ашигт малтмалд үүсээд буй сорилтыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарна. Иймийн тулд энэхүү форумыг зохион байгуулж байна” гэж байв.

Ийнхүү 2025 оны нэгдүгээр сарын 14-16-нд уул уурхайн салбарынхан Саудын Арабын Хаант Улсад чуулж, цаашдын хамтын ажиллагааныхаа зураглалыг тодорхой болгоцгоолоо. 

Дэлхийн улсууд чухал ашигт малтмалын салбарт байр сууриа бататгахын төлөө эрмэлзэж байна. Хөрөнгө оруулалт татаж, шинэ технологи нутагшуулан, ханган нийлүүлэлтийн сүлжээнд өөрсдийн орон зайг үүсгэхээр зорьцгоож буй. Тэгвэл манай улсын зорилго юу вэ?

Бид өөрсдийгөө уул уурхайн орон гэдэг боловч үнэн хэрэгтээ энэ салбарын хөгжлөөс, олон улсад яригдаж буй сэдвүүдээс нэлээд хойно хоцорчихсон юм биш биз гэх бодол төрж байлаа. Ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор манай улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний хэрэглээ цаашид буурах нь тодорхой болсон. Гэтэл бид эдийн засгаа солонгоруулах мөрөөдөлтэйгөөр орд тойрсон хэрүүлтэйгээ л сууна. Харин дэлхийн улсууд хэдэн нүүдлийн дараахаа тооцож байна.