Францын шампань дарс үйлдвэрлэгчдийн холбоо Comité Champagne өнгөрсөн онд дэлхий даяар 271 сая лонх дарс борлогдсон нь өмнөх оноосоо 10 орчим хувиар буурсан үзүүлэлт болохыг саяхан мэдээлжээ.
Шампань дарсны эрэлт хоёр дахь жилдээ дараалан буурсан нь энэ юм. Дээр дурдсан холбоонд усан үзмийн 16,000 тариалан эрхлэгч, шампань дарсны 320 үйлдвэрлэгч багтдаг.
Бүтээгдэхүүнийх нь эрэлт буурах болсон шалтгааныг тус холбооны ерөнхийлөгч Максим Тубар “хүмүүст баяр тэмдэглэх шалтгаан багассан, инфляц, зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал, улс төрийн хямрал” зэрэг хүчин зүйлс нөлөөлж буйтай холбон тайлбарлажээ.
Ялангуяа шампань дарсны гол зах зээл болох Франц, АНУ зэрэг улсуудад дээрх хүчин зүйлс нөлөөлж байгаа гэнэ.
Франц улсын дотоод зах зээлийн борлуулалт өнгөрсөн онд бас 7 орчим хувиар буурч, 118 сая лонх хүрсэн байна.
Долдугаар сард Франц улсад болсон ээлжит бус сонгуулийн үр дүнд парламентад аль ч нам олонх болж чадаагүй юм.
2024 оны долдугаар сард Францын тансаг эдлэлийн аварга компани LVMH эхний хагас жилд шампань дарсны борлуулалт нь 15 хувиар буурсныг зарлаж байв.
Тус компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Жан-Жак Гиони “Шампань бол баяр ёслол, аз жаргал зэрэг үзэгдлүүдтэй маш их холбоотой ундаа юм. Магадгүй дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал, геополитик, макро эдийн засгийн аль аль нь хүмүүст баярлах хөөрөх, шампань задлах сэдэл төрүүлэхгүй байгаа байх” гэж тухайн үед мэдэгдэж байжээ.
LVMH бол дэлхийн хамгийн том шампань дарс үйлдвэрлэгч бөгөөд Dom Pérignon, Krug, Veuve Clicquot зэрэг брэндүүдийг эзэмшдэг.
Өнгөрсөн онд тус компани French Bloom нэртэй согтууруулах найрлагагүй оргилуун дарсны үйлдвэрлэгчид хөрөнгө оруулсан нь энэ төрлийн ундааны салбарт анх удаа нэвтэрсэн алхам байлаа.
Сүүлийн жилүүдэд шампань дарсны түүхий эд болох усан үзмийн тариалан хэт халалт, эрт хүйтрэлт зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн улмаас ургац алдах болсон.
Энэ шалтгаанаар 2021 онд Францын усан үзэм тариалагчид 1957 оноос хойших хугацааны хамгийн бага ургацаа хураасан юм.
Одоо тэд тариалалт, аж ахуйгаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!