Сүүлийн өдрүүдэд Колумб улсын Венесуэлтэй хил залгаа Амазоны ширэнгээр хүрээлэгдсэн алс хязгаар нутагт үйл ажиллагаа явуулдаг партизаны зэвсэгт бүлгүүдийн дунд дайн дэгдээд байна.
Ердөө тавхан хоногийн дотор энэ бүсээс 11,000 орчим хүн орон гэрээсээ дүрвэж, 100 гаруй хүн алагджээ.
Өнөөдрийг хүртэл эдгээр бүлгүүдтэй яриа хэлэлцээний замаар тохиролцохыг хичээж байсан Колумбын ерөнхийлөгч Густаво Петро энэ удаа хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Өчигдөр тэрбээр Үндэсний Чөлөөлөх Арми (ELN) нэртэй зүүнтний партизаны бүлгийн удирдагчдад “та нар дайныг сонгож байгаа бол бид тэрийг чинь өгөх болно” гэж анхааруулжээ.
Саяхан ELN хил орчмын нутагт өрсөлдөгч партизаны бүлгийн эсрэг ажиллагаа явуулахдаа 80 орчим хүний амийг хөнөөсөн юм.
Колумбын засгийн газар партизануудын хяналтад байдаг бүс нутаг руу 5,000 орчим цэрэг илгээжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ELN бүлгийн гишүүд айл бүрийн хаалгыг тогшиж, өрсөлдөгч Колумбын Хувьсгалт Зэвсэгт Хүчин (FARC) партизаны бүлэгтэй холбоотой гэж сэжиглэгдсэн хүн бүрийг алж байгаа гэнэ.
Тэдний аллагаас зугтсан олон мянган хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд орон гэрээсээ дайжин дүрвэжээ.
Тэдгээрийн зарим нь хөрш Венесуэл улсын хилийг давсан бол зарим нь хил орчмын Тибу хотод толгой хоргодох болсон байна.
Даваа гарагт дээрх бүс нутагт шинэ мөргөлдөөн гарсны улмаас 20 орчим хүн алагдсаныг Колумбын батлан хамгаалах яам мэдээлжээ.
2022 онд сонгогдсон ерөнхийлөгч Петро олон нийтийн эсэргүүцлийг үл хайхран партизаны бүлгүүдтэй яриа хэлэлцээ хийх замаар улс орондоо энх тайван тогтоохыг эрмэлзэж байгаа.
Дээрх бүлгүүд кокаины наймаанаас орлого олж, өөрийгөө санхүүжүүлдэг.
Сүүлийн 60 гаруй жилийн турш Колумбын засгийн газар, зүүнтний партизаны бүлгүүдийн хооронд дайн үргэлжилж, нийтдээ хагас сая хүний амь үрэгдсэн юм.
2015 онд Колумбын эрх баригчид FARC бүлэгтэй энхийн гэрээ байгуулснаар нөхцөл байдал нэлээд хэмжээгээр тогтворжиж байжээ.
Гэвч партизаны бүлгүүд одоо болтол Колумбын газар нутгийн хэд хэдэн хэсэгт хяналтаа тогтоож, хар тамхины наймаа үйлдвэрлэл, худалдаа эрхэлсээр байгаа. Тус улс нь дэлхийн хамгийн том кокаин үйлдвэрлэгч юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!