Уншиж байна ...

ФОТО: Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп өчигдөр тангараг өргөснөөр АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ.

Тангараг өргөх ёслолын үеэр 29 минутын турш үг хэлэхдээ тэр Америк мөрөөдлийг сэргээж, өмнөх засаг захиргааны үед үүссэн  хямрал, эмх замбараагүй байдлыг засахаа амлажээ.

Ингээд түүний хэлсэн үгээс онцлох таван зүйлийг хүргэж байна.

 

“Америкийн алтан үе”

Трамп хэлсэн үгээ өөдрөг өнгө аясаар эхлүүлжээ. “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд манай улс хөгжин цэцэглэж, бусдын хүндлэлийг хүлээдэг болно” гэж тэр хэлсэн байна.

Трамп өмнөх засаг захиргааг шүүмжлэхдээ “эх орондоо үүссэн энгийн хямралыг ч зохицуулж чадахгүй радикал, авлигад идэгдсэн засаглал” гэж тодорхойлсон нь Лос-Анжелесын түймрийн гамшгийн нөхцөл байдлыг хэлсэн бололтой.

 

Нэн тэргүүнд авах арга хэмжээ

АНУ-ын ерөнхийлөгч нар тангараг өргөх үедээ улс үндэстэндээ нэгдэн нягтрахыг уриалж, баримтлах бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй ярихаас зайлсхийдэг.

Харин Трампын хувьд шууд эхний 100 хоногийн хугацаанд нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярьжээ.

Тухайлбал тэр улсынхаа өмнөд хил дээр онц байдал зарлаж, зэвсэгт хүчнийг хууль бус цагаачлалтай тэмцэхэд дайчлахаа мэдэгдсэн байна.

Мөн Трамп үг хэлэх эрх чөлөөг сэргээж, Америкийг ямар нэг цензургүй болгохоо амлажээ.

 

“Бурхны аврал”

Трамп бас өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр болсон амь насанд нь халдах оролдлогын талаар ярьжээ.

“Бидний үйл хэргийг зогсоохыг хүссэн хүмүүс миний эрх чөлөөг, миний амь насыг авахыг оролдсон билээ. Хэдхэн сарын өмнө Пенсильванийн үзэсгэлэнт нутагт алуурчны сум миний чихийг шүргэх үед намайг хэн нэгэн аварсан юм шиг санагдаж байсан. Одоо би үүнд бүр их итгэлтэй байна. Америкийг дахин хүчирхэг болгохын тулд бурхан намайг аварчээ” гэж Трамп хэлсэн юм.

 

Ангараг ба Панамын суваг

Трамп хэлсэн үгэндээ АНУ-ын хилээс нэг удаа хальж, дэлхий гарагаас бас нэг удаа хальсан юм.

Эхлээд тэр Панамын сувгийг АНУ-ын хяналтад буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, уг суваг одоо Хятадын мэдэлд байгааг хэлжээ.

Түүний хэлсэн үгэнд нэр дурдагдсан цорын ганц гадаад улс Хятад байлаа.

“Бид түүнийг буцааж авах болно” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

Тэр бас Мексикийн буланг “Америкийн булан” болгох бодолтой байгаагаа хэлэхэд хүндэт зочдын дунд суусан Хиллари Клинтон инээмсэглэж байв.

Трамп дээшээ хараад “од эрхэст аялж, Ангараг гараг дээр мөрөө гаргана” гэж амлахад энэ санааг эртнээс ярьж байгаа тэрбумтан Илон Маск мишээж байлаа.

 

“Хоёрхон хүйс байдаг”

Трампын дэмжигчдээсээ хамгийн их алга ташилт хүлээж авсан үг нь хүйсийн асуудлаарх түүний байр суурь байлаа.

“Цаашид эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон хүйстэй байх нь АНУ-ын засаг захиргааны албан ёсны бодлого байх болно” гэж тэр энэ үеэр хэлжээ.

Трамп “төрийн болон хувийн хэвшлийн бүхий л салбарт арьс өнгө, хүйсийн ялгааг нийгмийн инженерчлэлд оруулах” гэсэн аливаа хүчин чармайлтыг таслан зогсоохоо амласан байна.

Тэрбээр улс орноо “өнгөний хувьд харалган, авьяас чадварт суурилсан” улс болгохоо амлажээ.

 

Тангараг өргөх ёслолын ажиллагааны гэрэл зургууд.

зураг
 

Өмнөх болон шинэ ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар 

зураг
 

Трамп тангараг өргөх үеэр 

зураг
 

Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тангараг өргөв. 

зураг
 

Өмнөх болон шинэ дэд ерөнхийлөгч нар гэр бүлийн хамт 

зураг
 

Арга хэмжээнд АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нараас Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар оролцов. 

зураг
 

Технологийн салбарын лидерүүд арга хэмжээний гол зочид байлаа. 

зураг
 

Трампын тангараг өргөх ёслолд Аргентины ерөнхийлөгч, Италийн ерөнхий сайд нар оролцлоо. 

зураг
 

Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарыг Цагаан ордноос үдэн гаргаж өгөв. 

зураг
 

 

Эх сурвалж: BBC