Японы өмнөд бүсийн Шимоносеки хотын Кайкёокан Аквариум өнгөрсөн сард засварт орж, хүмүүст үйлчлэхээ түр зогсоосон байна.
Гэтэл энэ үеэс тус аквариумд амьдардаг “нарны загас” (sunfish) гэгддэг нэг төрлийн далайн загасны эрүүл мэнд муудаж эхэлжээ.
“Бид олон янзын арга хэмжээ авсан ч учир шалтгааныг нь олж чадаагүй. Гэтэл манай нэг ажилтан үзэгчгүй болсноос уйдсан байж магадгүй гэх хачин таамаг дэвшүүлсэн юм. Бид үүний магадлалыг 99 хувьтай гэж бодсон ч ажлын дүрэмт хувцсыг аквариумын хананд тогтоож туршихаар шийдлээ. Гэтэл маргааш нь загасны эрүүл мэнд сайжирч эхэлсэн” гэж аквариумын захиргаа сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Бас аквариумын хананд дүрэмт хувцас өмсгөсөн хүмүүсийн картон хайчилбар дүрс наасныг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ.
Нарны загас хүмүүс үзэгдэхээ больсны дараа хоол тэжээлээ идэхээ больж, биеэ аквариумын хананд үрэн тавгүйдэж эхэлсэн байна.
Ийм төрлийн загас дэлхийн далай тэнгисүүдийн халуун орны бүсэд түгээмэл амьдардаг бөгөөд нас биед хүрсэн үедээ 1,900 кг жин татаж, 3.3 метр урт хэмжээтэй өсдөг ажээ.
Өмнө нь Японы бас нэг аквариум дээрхтэй төстэй бүтээлч аргаар амьтдаа арчилж байсан юм. Тухайлбал 2020 онд цар тахлын хөл хорионы үеэр Токио хотын Сүмида Аквариум өөрийн 300 орчим могой загасыг идэвхжүүлж, арчлахын тулд сайн дурынхнаар FaceTime видео дуудлага хийлгэж байжээ. Хүн үзэгдэхгүй үед эдгээр амьтад усны ёроолын элсэнд нуугддаг тул арчлах, биеийн байдлыг нь шалгах боломжгүй болсон юм байна.
Эх сурвалж: Mainichi Shimbun
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!