Уншиж байна ...

Хятадад олон хүнийг автомашинаар дайрсан этгээдийг өчигдөр цаазалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Жухай хотод гарсан халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэж байгаа нь

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өмнөд эргийн Жухай хотын стадионы гадна автомашинаар 35 хүнийг дайрч хөнөөсөн хүний цаазын ялыг гүйцэтгэсэн тухай Хятадын төв хэвлэл өчигдөр орой мэдээлжээ.

62 настай Фань Вэйчю өөр бас олон арван хүнийг мөргөж гэмтээсэн юм.

Энэхүү халдлагаас хэдхэн хоногийн дараа зүүн Хятадын Уши хотын их сургуульд хутгаар найман хүний амийг хөнөөсөн 21 настай Шү Жяжинийг өчигдөр бас цаазалсан байна.

Фань гэр бүл салгах үеийн өмч хөрөнгийн хуваалтад сэтгэл дундуур байснаас ийм аллага үйлдсэнээ хүлээж байжээ.

Ялтан Шү нь шалгалтдаа унаж, диплом авах боломжгүй болсноос аллага үйлдсэнээ хүлээж байв.

Хоёр ялтны цаазыг шүүхийн шийдвэр гарснаас хойш сар орчим хугацааны дараа гүйцэтгэсэн байна.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятад улсыг цаазын ял гүйцэтгэлээр дэлхийд тэргүүлдэг гэж үздэг. Тус улс жил бүр хэдэн хүн цаазалснаа болон ямар аргаар цаазалснаа нууцалдаг юм.

Сүүлийн жилүүдэд Хятадад “нийгмээс өшөө авах” гэж хүмүүсийн нэрлэх болсон гэмт хэргийн гаралт нэмэгджээ

Энэ нь хувийн амьдралд тохиолдсон зовлон бэрхшээлийн улмаас олон нийтийн газарт танихгүй хүмүүсийн амь насанд халдах үйлдэл юм.

2024 онд ийм төрлийн аллага Хятад даяар 19 удаа гарсан байна.

Дээр дурдсан Жухай, Ушигийн халдлагуудын дараахан нэг этгээд Чандэ хотын бага сургуулийн гадаа цугларсан хүүхдүүд, эцэг эхчүүд рүү автомашинаар дайрснаас 30 хүн бэртэж байв.

Хуан Вэн гэгч хөрөнгө оруулалтын алдагдал, гэр бүлийн маргааны улмаас ийм хэрэг үйлдсэнийг эрх баригчид мэдээлж байжээ.

Өнгөрсөн сард Хятадын шүүх түүнд ирэх хоёр жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд бүх насаар хорих ялаар солих болзолтой цаазын ял оноосон байна.

Эдийн засаг, нийгмийн амьдралаас үүдэлтэй бухимдал стресс “ийм төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна” гэж судлаачид дүгнэдэг.

 

Эх сурвалж: BBC