Б.Аз: Нийслэл өргөдөл, гомдлын 98 хувийг хугацаанд нь шийдвэрлэдэг ч иргэдийн сэтгэл ханамж хангалтгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өнгөрсөн онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай(НЗДТГ) хамтран ажиллах төлөвлөгөөг баталжээ. Тус төлөвлөгөөний хүрээнд “Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Аз “НЗДТГ-тай хамтран баталсан төлөвлөгөө нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдол болон хяналт, ажиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд чиглэж байна.

Төлөвлөгөөний хүрээнд НЗДТГ болон харьяа 20 агентлагийн анхан шатны нэгжийн 2,304 албан хаагч, үйлчилгээ авсан 1,489 иргэн, хуулийн этгээдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, нийт 77,794 өргөдөл, гомдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Мөн иргэдийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, үйлчилгээний үйл явцын ойлгомжтой байдал, шийдвэрлэлтийн чанар, сэтгэл ханамжийн түвшнийг хамруулан судалсан. Судалгааны дүнгээс үзэхэд өргөдөл, гомдлын 94-98 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж байгаа ч иргэдийн сэтгэл ханамж 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байна. Ялангуяа газар, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол түлхүү ирсэн байсан. Энэ нь асуудлыг зөвхөн хугацаанд нь бус чанартай, үр дүнтэй шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна. Чанаргүй шийдвэрлэсэн гомдол дараагийн шатны гомдлын үндэс болж, иргэдийн төрийн байгууллагад дахин хандах давтамж нэмэгдэхийн хэрээр сэтгэл ханамж буурах хандлага ажиглагдсан” гэв.

Иргэдийн зүгээс албан хаагчийн харилцаа, хандлага хангалтгүй, үйлчилгээний процесс ойлгомжгүй, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэл тодорхой бус гэсэн санал илэрхийлжээ.

Харин албан хаагчид иргэдийн мэдээлэл дутмаг байдал, харилцааны хүндрэл нь ажлын ачаалалд нөлөөлж байгааг онцолсон байна. Иймд нийслэлийн захиргааны байгууллагуудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, цаашид хэрэгжилтийн үр дүнг дахин сэтгэл ханамжийн судалгаагаар үнэлэх бол үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах чиглэл өгчээ.