Мексикийн хар тамхины картелын босс агсан Эль Менчог алтан авсанд оршуулжээ
Өнгөрсөн сарын сүүлээр Мексикийн зэвсэгт хүчний явуулсан тусгай ажиллагааны үеэр алагдсан хар тамхины картелын цуутай босс “Эль Менчо” хочит Немесио Осегэра Сервантесыг гэр бүлийнхэн нь Даваа гарагт оршуулжээ.
Ингэхдээ түүний шарилыг алтан авсанд оршуулсан байна.
Халискогийн Шинэ Үеийн Картел (CJNG) нэртэй Мексикийн хамгийн хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийг үүсгэн байгуулсан 59 настай Эль Менчо буудалцааны үеэр шархдаж, нийслэл Мехико хотын эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан юм.
Тэрбээр Мексикийн эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын тэргүүнд бичигддэг, толгойгоо $15 саяар үнэлүүлсэн нэгэн байв.
Түүний үхлийн дараа картелын гишүүд Мексикийн 20 муж даяар томоохон үймээн самуун дэгдээж, их хэмжээний хохирол учруулсан юм.
Картелын гол түшиц газар болсон Халиско мужийн Гуадалахара хотын ойролцоо Эль Менчогийн оршуулгын ёслол зохион байгуулагдсан байна. Энэ үеэр хүчирхийлэл гарахаас сэргийлэх зорилгоор Мексикийн үндэсний гвардын алба хаагчдыг хамгаалалтад гаргажээ.
Оршуулгын ёслолд ихэвчлэн нэрээ нууцалсан хүмүүс, байгууллагууд хүндэтгэлийн цэцгийн баглаа илгээсэн бөгөөд тэдгээрийг тээвэрлэхэд таван ширхэг ачааны автомашин ашигласан байна.
Оршуулгын ёслолын турш ранчеро хөгжмийн хамтлаг картелын боссуудыг магтан дуулсан утгатай наркокорридос дууны аяыг тоглож байжээ.
Алтан австай шарил оршуулгын газрын сүмд ирэхэд “Эль Мучачо Алегре” (Хөгжилтэй Хүү) нэртэй уламжлалт дууны аяыг эгшиглүүлсэн байна.
Нэг цагийн турш үргэлжилсэн ёслолд оролцогчид баг зүүж, нэр нүүрээ нууцалсан байжээ.
Булшин дээрээ томоохон бунхан бариулдаг картелын бусад боссуудынхтай харьцуулахад Эль Менчогийн оршуулгын ёслол харьцангуй даруу болсныг Мексикийн хэвлэлүүд онцолж байна.
Эль Менчо нь өөрийн картелыг үндсэн нутаг Халиско мужаасаа гаргаж, Мексикийн бусад олон мужид үйл ажиллагаагаа явуулдаг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэг болгосон юм.
Тэд төрөл бүрийн хар тамхи үйлдвэрлэж, АНУ руу хууль бус арга замаар экспортлох үйл ажиллагаа явуулдаг.
Түүнийг устгасан нь Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумын засгийн газрын хувьд томоохон ялалт болж байгаа. Трампын засаг захиргаа хар тамхины гэмт хэрэгтэй илүү шаргуу тэмцэхийг Мексикийн эрх баригчдаас шаарддаг.
Эль Менчог устгах ажиллагаанд АНУ тагнуулын мэдээллээр хангах үүрэгтэй оролцсон байна.
Гэхдээ түүний үхэл Мексикийн гэмт хэргийн ертөнцөд хоосон орон зай бий болгож, үүнийг нь эзлэх гэсэн бусад картелуудын хооронд дайн дэгдэх эрсдэл үүсээд байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
