Ираны эсрэг дайнд цэргийн баазаа ашиглуулаагүй Испани улсыг Трамп худалдааны хориг арга хэмжээгээр сүрдүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираны эсрэг байлдааны ажиллагаанд цэргийн баазаа ашиглуулахаас татгалзсан Испани улсыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны хориг арга хэмжээгээр сүрдүүлжээ.

Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Бид бүх худалдаагаа зогсоох болно. Испанитай ямар нэг холбоотой байхыг хүсэхгүй байна” гэж хэлсэн юм.

Трампын сүрдүүлэг бодитой хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Испани улсын эрх баригчид өмнө нь бас НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах зардлаа өсгөх Трампын шаардлагыг эсэргүүцэж байсан юм.

“Би маргааш, эсвэл өнөөдөр ч дээр байх, Испанитай холбоотой бүх зүйлсийг, Испанитай холбоотой бүх бизнесийг зогсоож чадна” гэж Трамп мэдэгджээ.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент бас Испанийн бүх импортын бүтээгдэхүүнд хууль ёсны хориг тавих боломжтойг энэ үеэр хэлсэн байна.

Харин АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грирээс ингэх боломжтой эсэхийг Трамп асуухад “Бид энэ талаар тантай ярилцах гэж байна” гэж хариулсан нь эргэлзээ төрүүлжээ.

“Дээд шүүхийн гаргасан дүгнэлтийн дагуу танд ингэх хүчирхэг эрх мэдэл байгаа, үүнийг ашиглаж болно гэдгийг бид мэдэж байна. Хэрвээ та үүнийг үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад ашиглах шаардлагатай гэж үзвэл бид хэрэгжүүлнэ” гэж Грир нэмж хэлсэн байна.

Дараа нь Трамп бас НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 5 хувьд хүргэх шаардлагыг биелүүлэхээс татгалзсан Испани улсад бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ Европын Холбооны 27 гишүүн орны хооронд бараа бүтээгдэхүүн чөлөөтэй тээвэрлэгддэг тул Трамп нэг улсыг тусгайлан шийтгэх боломжгүй юм.

Мягмар гарагт Трамптай уулзсан Германы канцлер Фридрих Мерц бас Испани улс Европын Холбооны нэг хэсэг тул тус блоктой байгуулах аливаа худалдааны гэрээ хэлэлцээнд Испани улс хамрагдах ёстойг сануулж байв.

Статистик мэдээллээс харвал 2025 онд АНУ нийт $26 тэрбумын бараа бүтээгдэхүүн Испани улсад экспортолж, $21 тэрбумын бараа Испаниас импортолж байжээ.

Испанийн АНУ-д нийлүүлдэг гол экспортын бүтээгдэхүүн эм тариа, оливын тос юм.

Европын цөөхөн  зүүний үзэл баримтлалтай удирдагчдын нэг болох Испанийн ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн Ням гарагт үг хэлэхдээ Ираны эсрэг АНУ, Израилийн эхлүүлсэн байлдааны ажиллагааг олон улсын хууль дүрэм зөрчсөн “зөвтгөх аргагүй, аюултай” үйлдэл хэмээн шүүмжилж байжээ.

Тус улсын эрх баригчид өмнөд Испани дахь цэргийн баазуудаа энэ зорилгын хүрээнд АНУ-д ашиглуулбал НҮБ-ын дүрмийг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байгаа.

Трамп өчигдөр бас цэргийн баазуудаа бүрэн ашиглуулахаас татгалзсан Их Британи улсын эрх баригчид руу хэл амаар дайрахдаа ерөнхий сайд Кир Стармерыг “Черчилл биш” хэмээн шүүмжилсэн юм. Гэхдээ тэр тус улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авах талаар үг цухуйлгаагүй байна.

 

Эх сурвалж: BBC