Өмнөд Солонгос улс 140 орчим иргэнээ Иран, Израил болон Ойрх Дорнодын бусад орнуудаас нүүлгэн шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираны эсрэг АНУ, Израилын явуулж буй дайны ажиллагаа сунжрах төлөвтэй болсон тул Өмнөд Солонгос улсын гадаад хэргийн яам Ойрх Дорнодын бүс нутгаас 140 орчим иргэнээ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулснаа өнөөдөр өглөө мэдээлжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт Израилийн Иерусалим, Тель-Авив хотуудаас хуурай замаар гарсан 113 хүн орой нь Египетийн хилээр аюулгүй нэвтэрсэн байна. Тэдний 47 нь богино хугацаагаар Израилд очсон аялагчид байжээ.

Эдгээр хүмүүс эх орондоо буцахаар Кайр хот руу явсан байна.

Даваа гарагийн өглөө Ираны нийслэл Тегеран хотоос гарсан 24 хүн маргааш нь Туркменистаны хилийг давжээ. Тэд нийслэл Ашгабат хотод хүрсний дараа эх орондоо буцах, эсвэл гуравдагч улс руу зорчих юм байна.

Өмнөд Солонгосын тус бүр хоёр иргэн Бахрейнаас Саудын Араб руу, Иракаас Турк рүү хуурай замаар хил давжээ.

Нүүлгэн шилжүүлэлтийг тухайн байгаа улсаасаа явах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулсныг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам тайлбарласан байна.

Иранаас явсан иргэдийнх нь дотор тус улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулдаг И До Хи, Мес Рафсанжан хөлбөмбөгийн клубт тоглодог И Ки Жэ нар багтжээ.

Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан бусад хүмүүс нь элчин сайдын яамны албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд, бусад улсын харьяат солонгос үндэстнүүд, Өмнөд Солонгосын иргэдтэй холбоотой цөөн тооны иран хүн байсан байна.

Нүүлгэн шилжүүлэлтээс өмнө Израилд 600 орчим солонгос хүн оршин сууж байсны 100 орчим нь богино хугацаагаар очсон аялагчид байжээ.

Иранд одоо 40 орчим хүн үлдсэн байна. Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам одоогийн үе шатанд эчин сайдын яамны ажилтнуудаа тус улсаас татах бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Тус улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар засгийн газрын шуурхай хариу арга хэмжээний багууд Ойрх Дорнодын орнуудад хүрэлцэн очсон юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News