Уншиж байна ...

IJF: Парисын Их Дуулгын дүрвэгчдийн багт Монгол хүү багтжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Жүдогийн шинэ оны эхний Их Дуулга тэмцээн ирэх сарын 1-нээс 2-ныг дуустал Францын Парис хотод болно. 

Энэ удаагийн Парисын Их Дуулгад 51 орны 314 жүдоч (эрэгтэй 168, эмэгтэй 146) өрсөлдөх юм. Манай улсаас 12 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ЭРЭГТЭЙ

  • 60 кг: К.Ёолк, Б.Сүхбат
  • 66 кг: Б.Нямренчин, Г.Хэрлэн
  • 81 кг: О.Шинэбаяр

ЭМЭГТЭЙ

  • 48 кг: Ж.Анударь
  • 52 кг: Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа
  • 57 кг: О.Оюунчимэг, М.Цэндбазар
  • 63 кг: Х.Маралмаа
  • 70 кг: С.Лхагвадулам  

Их Дуулга тэмцээнд алтан медаль авсан тамирчин 5,000 евро (4,000 нь тамирчинд, 1,000 нь дасгалжуулагч) мөнгөн урамшуулал авах бол мөнгөн медалийг 3,000 евро, хүрлийг 1,500 евро дагалдах юм.

Парисын Их Дуулга тэмцээн 2009 оноос зохион байгуулагдсан. Манай тамирчдын хувьд 2010 оноос медаль хүртэж ирсэн юм. Тухайлбал эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд С.Миярагчаа мөнгө, Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэж байв.

Харин анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа 2011 онд эх орондоо авчирсан түүхтэй.

Улмаар 2012 онд С.Ням-Очир, Н.Түвшинбаяр, 2013 онд Х.Цагаанбаатар, 2014 онд Г.Болдбаатар, 2015 онд М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг, 2022 онд Ё.Басхүү, О.Цэцэнцэнгэл нар түрүүлжээ.   

"Хаан" Тэдди оролцохгүй

зураг
 

Парисын Их Дуулга тэмцээнд Францын жүдогийн шилдгүүд нь оролцохгүй. Тухайлбал "Хаан" Тэдди баруун тохойндоо хагалгаа хийлгэсэн тул нутагтаа болох Их Дуулга тэмцээнд оролцох боломжгүйгээ учирласан юм. 

Тэгвэл олимпын алт, мөнгө, хүрэл, дэлхийн зургаан алт, хошой мөнгө, нэг хүрэлтэй Кларисс Агбеньену энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр шийдвэрлэжээ. Түүний хувьд Их Дуулгад оролцоогүй шалтгаанаа тайлбарласангүй.

Дүрвэгчдийн багт барилдах монгол хүү

Энэ удаагийн Их Дуулгад Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны дүрвэгчдийн багаас хоёр тамирчин барилдахаар мэдүүлэгт багтсан байна. Тэд бол эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүч үзэх Араб Сибгатуллах болон эрэгтэйчүүдийн -100 кг-д М.Хүслэн нар.

Өнөө жил 23 настай М.Хүслэн өмнө нь Францын өсвөр, залуучуудын тэмцээнээс тус бүр мөнгөн медаль хүртсэн. Францад болдог олон улсын чанартай жижиг тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн тамирчин юм.