Монголчууд мега төслүүдээ хөдөлгөөд баяртай бас айдастай өдрүүдийг өнгөрөөж байна. 28 жил гацсан уран, 8-н жил болж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт гээд улс орон минь хөгжлийн гацаанаас гарч байна гэж итгэх нэгэн байхад урьдын адил айдас хардалт байгаа нь ч нууц биш. Учир нь өнөөдрийн засаглалын хямралын нэг том шалтгаан нь уул уурхай болсныг мэдэх, гэрчлэх нь бид шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах тухай олон жил ярьж байгаа ч нэг ч алхам хийгээгүй. Нүүдэлчин ахуй суурь соёлдоо тулгуурлаад хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, айдасгүй тогтвортой хөгжих боломж бидэнд бий. Барагддаг биш үрждэг баялгаа ашиглах тухай энд ярьж байна.
Хүн амын хүнсний нөөц, эрүүл аюулгүй байдал мөн хүнсний нэр төрлийг бүтээж байгаа ганц салбар бол хөдөө аж ахуй. Дэлхийн банкны судалгаагаар нийт хүн амын өсөлтөөс шалтгаалж 2050 он хүртэл 10 тэрбум хүний хүнсний хэрэгцээг хөдөө аж ахуйн салбар хангах шаардлагатай нүүр тулж байгаа, үүний зэрэгцээ хүнс хөдөө аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийг 30 хувиар бууруулах шаардлагатай тулаад байгаа. Нэг талаараа энэ нь уламжлалт хөдөө аж ахуйн хувьд хэцүүхэн шаардлагатай учирч байгаа ч нөгөө талаараа хөдөө аж ахуйн хувьд ухаалаг фермийн аргаар бизнес эрхлэгчдийн дараагийн үеийг энэ салбарт бэлдэж эхэлнэ гэж харж байна. Жишээлбэл бид PLF технологи, дотор ферм, мэдрэгч технологи, дрон, хиймэл оюун ухаан зэрэг олон технологийн шийдлүүдийг хөдөө аж ахуйн салбартаа ашиглах боломжтой, тус технологиудыг Монголдоо хөгжүүлж дэлхийн зах зээлд гарах ч боломжтой.
Монгол Улсын хувьд ч хөдөө аж ахуйн салбарын урт хугацааны тогтвортой хөгжих бодлогоо боловсруулж тэр дундаа ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын боломжоо нэмэх тал дээр анхаарах хэрэгтэй.
Жишээлбэл хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн импортын татварыг бууруулах, экспортын боломжуудыг гуравдагч улс гүрэнтэй хийх тал дээр хэлцлүүдийг эрчимтэй явуулах цаг нь болсон. Европийн холбооны улс төрийнхний төв лобби явагддаг газар болох Бельги улсын Брусел хотын ЕХ-ны байр. Европын үхрийн махны импортын гол тоглогч Бразил, Вьетнам, Японы улс төрчид энд ХАА бүтээгдэхүүнээ экспортлох, татварын асуудлаа лоббидоод байрлаж байдаг. Тэнд яригддаг гол сэдэв уул уурхай бус ХАА тойрсон асуудал. Гэтэл 70 сая гаруй малтай манай улс адууны махаа дотоодын зах зээлээс ч хямд үнээр багахан хувийг Иран руу гаргаж байна. Энэ бол салбарыг дэмжсэн бодлого биш.
Дэлхийд тэргүүлэх гүрнүүд болох Франц, Германы эдийн засаг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, түүнийг дагасан олон төрлийн технологи, үйлчилгээнд суурилсан байдаг.
Монгол Улс урт хугацааны эдийн засгийн тогтвортой хөгжил, экспортын боломж, ажилгүйдэл, дотооддоо хүнсний эрүүл аюулгүй байдлаа хангах зэрэг олон асуудлыг зөвхөн энэ салбар шийдэж чадна. Түүнчлэн гаднын хөдөө аж ахуйн технологийн болон үйлдвэрлэл Монголд бизнес салбараа нээх хууль болон татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй, ингэснээр бид хөдөө аж ахуйн гаднын хөрөнгө оруулагчдыг эх орондоо авчрах боломж нээгдэх юм.
Эдийн засаг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан Франц улсад гэхэд л тус салбарт нийт 500 мянган хүнийг ажлын байраар хангаж, тус улсын хамгийн их ажлын байр олгодог салбар хийгээд нийт 17500 гаруй ХАА-н чиглэлийн бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Франц улс ХАА-н шинэ бизнес эрхлэгчээс эхний жилүүдэд огт татвар авдаггүй мөн тэр бизнесийн үйл ажиллагаанаас хамаарч гарааны буцалтгүй дэмжлэгийг олгодог юм билээ.
Монгол Улсын хувьд бид хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд хоршоод байгуулж тухайн орон нутгийн бүтээгдэхүүнийг тухайн орон нутагт нь үйлдвэрлэн гаргадаг болох, тухайн хоршоодын эзэд нь ямар нэгэн олон улсын байгууллага, төрийн агентлаг, хөрөнгө оруулагчид биш харин малчид нь тэр хоршоодын эзэд байх зарчмаар явах хэрэгтэй. Франц улс мөн энэ зарчмаар явдаг. Хамгийн том сүүний хоршооны эзэд нь нийт 10 мянган фермерчид байдаг бөгөөд харин менежментийг нь бизнес эрхлэгчид явуулдаг. Гэхдээ хамгийн өндөр ашгийг нь фермерчид хүртдэг. Монгол малчид ч энэ зарчмаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Гэтэл энэ хоршоо байгуулах санаачилгыг улс төрийн нэг акц, сонгуулийн санал худалдах авах хэрэгсэл болгож орхисон. Хамгийн харамсалтай нь энэ жишиг нь салбарын хөгжилдөө асар хортой зүйл. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Шинэ Хоршоо гэж хөдөлгөөн бий болсон. Хоршоолсон малчдад бага нөхцөлтэй, бага хүүтэй өндөр зээл олгох нь энэ Шинэ Хоршооны гол зорилго. Урт хугацаанд төлөвлөгөөгүй зохион байгуулалтад ороогүй учир чанаргүй зээл болно. Харин эрсдэлийг нь хэн хариуцах нь одоог хүртэл тодорхойгүй. Малчид нь ч төлж барамгүй их өрөнд орсон, банкууд нь ч чанаргүй зээлийн жагсаалтаа уртаар үргэлжлүүлсэн бүх тал хохироод үлдэхийг үгүйсгэхгүй.
Энэ мэтээр энэ хоршоо гэх агуулгын үнэ цэнийг алдагдуулах үйлдлүүд үргэлжилсээр. Малчид нь ч энэ үгийг сонсоод дөжирчихсөн гол агуулгаа улам алдсаар байгаад хамгийн их эмзэглэж байна. Угтаа хоршоодыг малчид өөрсдөө хөрөнгө оруулж харин бизнесийн үйл ажиллагааг нь мэргэшсэн менежментийн байгууллагаар хийлгэх явах нь зөв. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа малчид маань санхүүгийн тогтвортой ашиг хүртэн, мөн Монгол улс дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангаж, цаашид экспортын үр ашгаа ч нэмэх боломж гарна.
Бид эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах ажлаа эндээс дахиад эхлүүлэх ёстой.
Нийтлэл бичсэн: Дижитал Агро ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ХАА-н менежментийн мэргэжилтэн Б.Хулан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!