Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалттай нэгдүгээр сувагт хоёр ачааны машин, хоёр экскаватор, нэмэлт гурван машин механизмтайгаар халиа тошиныг урсгах суваг татах ажлыг гүйцэтгэж байна.
Энэ талаар Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарсан учраас усны түвшин нэмэгдэж, урсгал нь хурдассан. Тиймээс халиа тошин ихээр үүссэн хэсэгт суваг татаж, мөсийг цэвэрлэж, зөөж, далан босгож байна.
“Ногоон нуур” орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлснээр айл өрх халиа тошинд өртөх эрсдэл багассан ч энэхүү сувгийн доод хэсэгт орон сууцны хорооллууд байдаг учраас өдөр бүр халиа тошин халих болон хаврын шар усны үерээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
“Дэнжийн 1000”-ын нэгдүгээр сувагт техник орох боломжгүй байршилд ажилчид гар хөрөөгөөр цас, мөсийг хөрөөдөж, гарц хийж байна. Гүүрэн гарцыг дагасан 20 орчим метр том хэмжээний кабелийн утсыг зөвшөөрөлгүйгээр татсан нь ажил явуулахад хүндрэл үүсгэжээ.
Яг гүүрэн доорх хаалттай хэсэгт агааргүйдэх эрсдэлтэй, битүү орчинтой учраас харагдах орчин хязгаарлагдмал, ажилчид ээлжлэн орж ажиллахаас өөр боломжгүй, цахилгааны кабелийг хөндөх эрсдэлтэй учраас суваг, гарц, гарам гаргахад хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авсаар байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!