Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цэнгүүн: “СИТИ” Их сургуулийн оюутан, төгсөгч АНУ-ын их, дээд сургуулиудад онцгой хөнгөлөлттэй сурах боломжтой

ikon.mn
2022 оны 1 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

“СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор /Ph.D/ Г.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Боловсролын салбарынхан цар тахлын энэ жилүүдэд сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнуудын хичээл хоцрогдол үүсгэхгүй байх олон алхмуудыг хийж байна. “СИТИ” Их сургуулийн тухайд гадаад оюутан ихтэй, олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлдгийн хувьд энэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож, хөтөлбөртөө анхаарч ажиллаж байна вэ?

Цар тахалтай дэлхий даяар тэмцэж байгаа энэ үед бид бүхэн сургалтын чанарт онцгой анхаарч, хоцрогдол үүсгэхгүйн тулд цахим сургалтын системд шилжин, оюутнууд өөрийн байгаа газар, улс орноос цаг алдалгүй сургалтдаа хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, манай сургууль “Moodle” цахим сургалтын системийг бүрэн нэвтрүүлж, сургалтын үйл ажиллагаа цар тахлын болон бусад  нөхцөлд тасалдахгүй явах боломжтой болсон. Багш, оюутнуудын зүгээс нэгдсэн системээр дамжуулан хичээл, сургалтын үйл ажиллагаанд оролцож дадсан нь томоохон ололт давуу тал болж байна. “Moodle” цахим сургалтын систем нэвтрүүлснээр багш, оюутнууд онлайн сургалт https://lms.citi.edu.mn/ сайтаар дамжуулан хичээлээ нөхөн үзэх, бие даалт хийх, засвар зөвлөгөө авч оноо болон үнэлгээг дор бүрнээ харж хянах боломжтой болсон зэрэг олон өөрчлөлтүүд гарч байна.

-Багшлах хүний нөөц чанаржиж, судалгаа, шинжилгээний ажилд илүү анхаарал хандуулах шаардлага үүсэж байгаа байх. Энэ тал дээр танай сургууль хэрхэн өөрчлөлт хийж байна вэ?

Мэдээж хэрэг чадварлаг, туршлагатай багшийг дагаж сургалтын чанар сайжирдаг. Тиймээс бид олон улсын болон үндэсний шилдэг их сургуульд суралцсан, судалгаа, шинжилгээний туршлагатай багш, мэргэжилтнүүдийг урьж, сургалт болон судалгаа, шинжилгээний ажилд хамтран ажиллаж байна. Мөн БНХАУ, Япон, Солонгос, Франц зэрэг улсын шилдэг их, дээд сургуульд суралцаж төгссөн, судалгаа шинжилгээний ажил дээр ажиллаж байсан багш нараар ахисан түвшний сургалтын баг болон профессорын багаа бүрдүүлэн ажиллаж, оюутан залуусыг судалгааны ажил дээр түлхүү дэмжин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд “СИТИ-SCIENCE” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлийг 2021 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулж, улирал тутам гаргаж эхэлсэн.

Сэтгүүл маань Парис хотод байрладаг ISSN төвд бүртгэгдэж, олон улсын стандарт дугаарыг албан ёсоор авсан бөгөөд онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүй үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлон шийдвэрлэх, түүний ололтыг амьдралд нэвтрүүлэх аливаа эрдэм шинжилгээний бүтээлийг хөхүүлэн дэмжихэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байна.

-Бакалаврын хөтөлбөр, сургалт бол дээд боловсролын үндэс. Харин магистр, докторын хөтөлбөрт суралцагч бол практик мэдлэгээ онолын мэдлэг, судалгаа шинжилгээтэй хослуулан суралцагчид. Тэгэхээр ахисан түвшинд сурахыг хүсэгч ямар хэрэгцээ, шаардлагаар сургуулиа сонгож  байна вэ?

Магистр, докторын хөтөлбөрт суралцах нь өөрийн суурь мэдлэгээ гүнзгийрүүлэн судалгаа шинжилгээ хийх явц. Тиймээс ахисан түвшинд сурахыг хүсэгч нь сургалтын нөхцөл байдал, судалгааны цар хүрээг харах хэрэгтэй.  Үүнийг тухайн сурахыг хүсэж буй сургуулийн гадаад харилцаа, олон улсын ямар ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зэргийг жишиж харах нь зүйтэй. Учир нь судалгаа, шинжилгээ нь дэлхий даяар өдөр бүр шинэчлэгдэж байдаг. Тиймээс ялангуяа манай улсад олон улстай хамтран судалгаа хийж бусад улсын жишээг үндэслэн судалгаа хийх нь давуу тал юм.

Суралцагчдын хүсэл шаардлагад нийцүүлэх, дэлхийн боловсролыг Монголдоо илүү хямд зардлаар, олон боломжит нөхцөлтэй олгох үүднээс “СИТИ” Их сургууль гадаад харилцаандаа  анхаарч, олон улсын топ сургуулиудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд элсэн суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, гадаад харилцаагаараа Монголдоо тэргүүлэх сургуулийн нэг болж чадсан байна. Тухайн сургуулийн хичээлийн хөтөлбөр, агуулга гэдэг хамгийн чухал. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргахын тулд сургалтын хөтөлбөрөө боловсронгуй болгож, суралцагчдын хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлэх үүднээс жил бүр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн боловсролын стандартын дагуу ажиллаж байна.

-Та хэллээ. Гадаад харилцаандаа илүү анхаарч тэр хэрээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж  байна гэж. Тэгэхээр “СИТИ” Их сургуулийн оюутнууд болон төгсөгчид Олон улсын ямар ямар хөтөлбөрүүдэд хамрагдах боломжууд нээгдэж байгаа гэсэн үг вэ?   

Манай сургууль  Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн Монгол Улс дахь албан ёсны түнш  байгууллага юм. Өөрөөр хэлбэл “СИТИ” Их сургуулийн оюутнууд болон төгсөгчид Европын сургуулиудад  урт, богино хугацаанд тэтгэлэгтэй суралцах боломжтой гэсэн үг. Мөн дээр хэлсэнчлэн гадаад харилцаандаа илүү анхаарал хандуулж байгаагийн нэг үр дүн бол бид 2021 онд АНУ-ын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон явдал. Тодруулбал АНУ-ын нэр хүндтэй 20 их сургуульд манай сургуулийн оюутан, төгсөгчид 20-40% хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой болсон. Түүнчлэн Францын их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдаж, тус улсад суралцах, Японы их, дээд сургуулиудад суралцах, цалинтай дадлага хийх, ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах, дадлага хийх, БНСУ-ын их, дээд сургуулиудын 2+2 болон бусад хөтөлбөрт хамрагдах, ӨМӨЗО-ны Аж Үйлдвэрийн Их сургуультай хамтарсан хөтөлбөрт хамрагдан суралцах зэрэг олон боломжуудыг оюутнууддаа бий болгож байна. Цаашид ч хамтарсан хөтөлбөрүүд үргэлжлэх бөгөөд БНХАУ, Тайландын шилдэг их сургуулиудтай хамтарч ажиллахаар тохиролцож, гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна.

-“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн төгсөгчдийн ажлын байрны үзүүлэлт ямар түвшинд байна вэ?

“СИТИ” Их сургууль нь Хууль зүйн сургууль, Хүмүүнлэгийн, Бизнесийн сургууль, Барилга, архитектур, дизайны сургууль, Гоо сайхны сургууль, Урлагийн сургууль гэсэн бүрэлдэхүүн зургаан сургуультай, хичээлийн хоёр байранд үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль 24 жилийн түүхтэй Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд 6000 гаруй төгсөгч манай сургуулийг төгссөн бөгөөд судалгаанаас үзэхэд төгсөгчдийн 80 гаруй хувь нь төгсөөд шууд ажлын байранд гарч байна. Энэ нь зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр суралцан төгсөж, чанартай боловсрол эзэмшиж буйг харуулж байгаа тод жишээ. Энэ ч утгаараа манай сургууль өнгөрсөн онд МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулсан оны шилдэг аж, ахуй нэгж байгууллагыг тодруулдаг Энтерепернер 2021 арга хэмжээнээс анх удаа Боловсролын байгууллагын оны шилдэг аж ахуй нэгжийн цомыг хүртсэн. Үүнийг боловсролын салбарт өөрийн үнэ цэнийг бүтээж буй манай хамт олон, оюутнууд, үе үеийн төгсөгчдийн маань чанар чансааг харуулсан явдал болсон гэж бид үзэж байгаа. Цаашид ч оюутнуудаа төгсөөд ажлын байранд шууд гарах, суралцах хугацаандаа мэргэжлийн дадлага олж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн томоохон байгууллага, ААН-үүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Хаврын элсэлт явагдаж байгаа юм байна. Жилд хэдэн удаа ямар мэргэжлүүдээр элсэлт авч байна. Энэ хаврын элсэлтийн онцлог гол хөтөлбөрүүд юу байна?

“СИТИ” Их сургууль нь Монгол Улсын болон олон улсын түвшинд хамгийн эрэлттэй 39 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэргийг өдрийн болон эчнээ ангиараа олгож байна.

Хавар болон намар элсэлт явагддаг бөгөөд яг одоо хаврын элсэлтийн бүртгэл явагдаж байгаа. Хаврын элсэлтийн онцлог бол зөвхөн ахисан түвшинд буюу магистр, докторын суралцагчдад зориулсан байдаг. Энэ удаа докторын хөтөлбөрт Бизнесийн удирдлага, Урлаг судлал  мэргэжлээр, магистрын хөтөлбөрт Боловсрол судлал, Эрх зүй,  Дуулах урлаг, Аялал жуулчлалын менежмент, Урлаг судлал, Бизнесийн удирдлага, Гоо заслын урлаг, технологи, Хувцас дизайн, Сэтгүүл зүйн ангиуддаа элсэлт авч байна. Түүнчлэн эчнээ ангидаа Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, худалдаа, нягтлан бодох бүртгэл, менежмент, Барилгын инженер, Хувцас дизайн, Эрх зүй, Гоо заслын урлаг технологи, Дуулах урлаг, Багш /СӨБ/  гэсэн мэргэжлүүдээр элсэлт авч байна.

-Сургууль зөвхөн боловсрол олгохоос гадна тухайн хүнийг ая тухтай орчин нөхцөлд ажиллаж, сурч хөгжих боломжоор хангах нь зайлшгүй асуудал. Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөө дагаад сургуулийн орчин нөхцөл илүү сайжирч байгаа байх. Оюутны хичээлийн бус цагаар хөгжих ямар боломжууд байгаа вэ?

“СИТИ” Их сургуулийн инновац, бизнес хөгжлийн төв “CITIZONE” 2020-2021 оны хичээлийн жилд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Багш, оюутанд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, оюутнуудаа академик мэдлэгээс гадна практик дадлага, туршлагатай, хувь хүний хөгжлөөр өрсөлдөхүйц, бие даан ажиллаж, амьдрах чадвартай болоход нь туслах нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал,

  • Багш, оюутнуудын дунд хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд;
  • Багш, оюутнуудын өдөрлөг, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд;
  • Оюутан, төгсөгчид ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах;
  • Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Түүнчлэн цахим номын сан, уншлагын танхимуудын үйл ажиллагааг өргөжүүлж, мэргэжлийн болон бусад чиглэлийн ном, сурах бичгээр тогтмол фондоо нэмэгдүүлж, оюутны унших, судлах нөхцөлийг хангаж байна.

Мөн багш, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс  кино театр байгуулж, долоо хоног бүр үнэ төлбөргүй дэлхийн шилдэг кинонуудыг үзүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж, кино саруудыг зохион байгуулж байна.

Сургуулийн анги, танхимуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, ногоон орчныг бий болгохоор ажиллаж байна. Манай сургуулийн бас нэг онцлог бол олон улсын стандартад нийцсэн спорт заал, спорт клубүүд хичээллэдэг явдал бөгөөд багш, оюутнуудын биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг нээж, спортын дугуйлангууд хичээллэж байна. Энэ мэтчилэн бид зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагаа явуулж, байгальд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн олон улсын хөтөлбөрөө дагасан олон шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж байна.

-Ярилцсанд баярлалаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.