Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай чиг үүргийн байгууллагын жолооч нараар ачаа бараа тээвэрлүүлэх туршилт эхэллээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүлжээ.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагаа ийнхүү эхэлж байгааг Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдөр дундын бүсээс импортын ачаатай 24 чингэлэг ачааг улсын хилээр нэвтрүүлж, гаалийн хяналтад оруулан, мөн 25 хоосон чингэлгийг хилээр гаргаж, дундын бүсэд байрлуулсан байна.

Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Улмаар чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан ч Монголын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын алба хаагч, жолооч нарыг тусгаарлан, халдвар хамгааллын өндөр дэглэм дор ачаа тээврийн үйл ажиллагааг ажиллуулах юм. 

Өөрөөр хэлбэл, экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлжээ. 

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх  улс руу импортлох ачаа бараа, чингэлгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани “0” цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах,  “0” цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг  зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлгийг  Улаанбаатар болон бусад аймаг хот руу уртын тээврээр хүргэх аж.

Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, халдварын эерэг тохиолдол гаргахгүй бол хилийн боомтуудын хооронд чингэлэг бүхий ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

 

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба