Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх баригчид АН-ын асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн бол сөрөг хүчнийхэн УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхнээр дотоод асуудлаа шийдүүлэх гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна.

Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна.

Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ.

Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна.

Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан.

Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж тус тус заасан.

Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, улсын бүртгэгчийн шийдвэр нь хуулийн дагуу, эсхүл хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэх нь шүүгчийн дотоод итгэл, үнэмшилд нөлөөлж болзошгүй юм. Иймд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд санал, дүгнэлт гаргах боломжгүй байна хэмээн танилцуулсан.

УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэгт ажилласан гурван гишүүнээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулсан.

Тэрбээр, УБЕГ-ын улсын байцаагчийн үндэслэлгүй дүгнэлтийг хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг гаргаж УБЕГ-ын даргад хүргүүлэх, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэрт хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаарх санал, дүгнэлтийг гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, СЕХ-ны удирдлагуудад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг танилцуулсан юм.

Хоёр санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.