Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбат: Ипотекийн зээлээ хойшлуулах нь урт хугацаанд бид бүгдийн нуруун дээр буух дарамт болно

ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Б.Эрдэнэбаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар хойшлуулах нь хэр оновчтой гэж харж байна вэ?

-Энэ бол үр ашиггүй, мохоо, санхүүгийн зах зээл болон эдийн засгийн цаашдын зүй зохистой үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, эрсдэлийг хуримтлуулах сул талтай бодлого байж болно гэж үзэж байна.

-Тухайлбал ямар эрсдэл байна?

-Эхлээд бид ямар нөхцөлд ийм бодлого хэрэгжиж байна вэ гэдэг орчноо таньж мэдэх ёстой. Төв банкнаас эдийн засгийг дэмжих зорилгоор харьцангуй зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлж буй. Тэгэхээр хүүний түвшин бага, тэр тусмаа хадгаламжийн хүү харьцангуй бага байгаа. Дээр нь хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэчихсэн. Энэ тохиолдолд хэрэв байгаа оносон бодлого хэрэгжүүлэхгүй бол “халуун мөнгө” буюу “hot money” үүсэх боломжтой. Энэ нь богино хугацаанд өндөр өгөөж хайсан, хөдөлгөөнтэй, хурдан эргэлдэх их хэмжээний мөнгө үүснэ гэсэн үг. Хэрэв бид үл хөдлөх хөрөнгийн зээлийн асар их хэмжээний төлбөрийг хойшлуулбал хүү бага байгаа үед зээлээ төлөх боломжтой байсан өрхүүдийн хувьд мөнгөө эргэлдүүлэх хэрэгцээ нэмэгдэнэ. “Халуун мөнгө” үүсэхээр хөрөнгийн үнийн хөөсрөл үүсэх нөхцөл бий болдог. Энэ нь гадаад валют, санхүүгийн зах зээл, хувьцааны үнэ зэрэгт нөлөөлнө. Бид аль хэдийн зарим үр дагаврыг харж байна. Хувьцааны зах зээлийг харвал эдийн засгийн суурь хүчин зүйлс өөрчлөгдөөгүй байхад нийт зах зээлийн үнэлгээ 2020 оны 11 сараас хойш 2-оос илүү дахин өсчихлөө. Хөрөнгийн зах зээлийн үнийн хөөсрөл нь нийт эдийн засагтаа маш муу үр дагавартай байдаг. Юуны өмнө хөрөнгийн үнэ өссөн үед түүнд тулгуурласан бизнесийн ашиг олоход хэцүү. Ялангуяа зарим хувийг нь банкны зээлээр хөшүүрэгдэж, нэмж санхүүжүүлбэл хөөс хагарах үед тухайн хүмүүс өөрсдийн оруулсан хөрөнгөө алдахаас гадна санхүүгийн зах зээлээ эрсдэлд оруулдаг. Тиймээс энэ хөөсийг аль болох үүсгэхгүй байх, үүссэн тохиолдолд хурдан хагалах шаардлагатай байдаг. Мөн сүүлийн үед койн руу орж байгаа хөрөнгийн хэмжээ Монголын ДНБ-тэй харьцуулахад асар өндөр болж байх шиг байна. Зүгээр спекуляцын шинжтэй, богино хугацаанд понзи схемд орж буй хөрөнгө дотоод, гадаадын зах зээлд их гарч байна. Энэ нь төлбөрийн тэнцэлд маш сөрөг үр дагавартай.

-Төрийн зохицуулалт, бодлого ямар байх нь зүйтэй вэ?

-Зах зээлийн механизмд аль болох хөндлөнгөөс оролцохгүй, оролцсон тохиолдолд ямар үр дагавартай байхыг судалсны үндсэн дээр зохицуулалт хийх ёстой. Засгийн газрын байр суурь харьцангуй сул дорой байгаа учраас нийтийг хамарсан, популист арга хэмжээнүүд авч оршин тогтнох арга хэрэглээд байна уу гэсэн айдас төрж байна. Уг нь өөртөө итгэлтэй, мэргэжлийн ЗГ ийм хавтгайруулсан, мохоо бодлого хэрэглэхгүй. Аль болох байгаа онилсон, surgical буюу мэс заслын шинжтэй бодлого хэрэгжүүлэх ёстой байдаг. Хэрэв эдийн засгаа үнэхээр дэмжмээр байгаа бол бизнес эрхлэгчдийн төлж буй НДШ-ийг түр хугацаагаар бууруулж, ажиллах болон ажилчин авч ажиллуулах сонирхлыг нэмэгдүүлж болно. Ажиллах хүчний оролцооны түвшин түүхэн доод хэмжээндээ хүрээд байна шүү дээ.

-Бидний ярилцлагыг иргэд уншиж байгаа. Шийдвэрээ гаргах гэж байгаа хүмүүсийн хувьд зээлээ хойшлуулаад явах нь зөв үү. Энэ үед ямар шийдвэр гаргах нь эрсдэл багатай байж болох вэ?

-Зээлийг хэдэн сараар хойшлуулж байгаа нь урт хугацаандаа нийт эдийн засагт ямар үр дагавартай байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал энэ шийдвэрийг гаргахаас өмнөх орчин нөхцөлөөс илүү муудчихсан байх вий, чөлөөлөгдсөн хөрөнгөө өөр зорилгоор ашиглах гэж байгаад бүр барчих вий гэдэг шүүмжлэлтэй нүдээр хармаар байгаа юм. Иймэрхүү хавтгайруулсан бодлогын зардлыг өөр хэн нэгэн заавал үүрч байдаг. Богино хугацаанд зээлээ хойшлуулах нь ашиг юм шиг харагдаж магадгүй ч урт хугацаанд бид бүгдийн нуруун дээр ирж буух дарамт болж болно. Эхний ээлжид бид аливаа популист бодлогуудыг шууд дагах нь буруу.

Хоёрдугаарт нэгэнт чөлөөлөгдөж байгаа хөрөнгөө хаашаа хийх вэ гэж бодож байгаа иргэдийн хувьд эрсдэлээ бодох хэрэгтэй. Сандал булаацалдах тэмцээнтэй адилхан понзи схемд орвол хохирох хүмүүсийн тоо хожихоосоо хамаагүй олон байгаа. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл хийхээсээ өмнө сайн бодох нь зүйтэй. 

Эцэст нь хэлэхэд зээлдэгч, зээлдүүлэгч хоёр тал тохиролцоод, эрсдэл өгөөжөө тооцоолоод, хууль ёсны дагуу гэрээ хэлэлцээр байгуулаад явж байхад тооцооллыг алдагдуулж, санхүүгийн секторыг үндсэндээ бүрдүүлэгч банкуудыг эрсдэлтэй байдал оруулан, хөндлөнгөөс гуравдагч этгээд ийнхүү оролцох нь хэр зохистой вэ гэдгээ бодолцоосой доо. Банкууд дампуурвал татвар төлөгчид л бүх төлбөрийг нь төлж ирсэн шүү дээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.