Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Макрон ерөнхий сайдыг нь “алиалагч” гэж хочилсонд Британийн тал бухимдалтай байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон хаалттай уулзалтын үеэр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоныг “алиалагч”, “хоосон толгой” зэргээр доромжилж ярьсан тухай мэдээ өчигдөр таржээ.

Уг дуулиан олон асуудлаар зөчилтэй байгаа Европын хоёр гүрний харилцааг улам дордуулаад байна.

“Мэдээж манай ерөнхий сайд бол алиалагч биш. Тэр бол цар тахлын хүнд үед улс орноо удирдаж байгаа, ардчилсан сонгуулиар ард түмнээсээ том мандат авсан ерөнхий сайд хүн” гэж Британийн бизнесийн сайд Жорж Фримэн өчигдөр Sky News сувагт ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хорват улсад айлчлах үеэрээ Макрон өөрийн зөвлөхүүдтэй хаалттай хаалганы цаана уулзахдаа ингэж ярьсныг Францын долоо хоног тутмын Le Canard Enchaine сонин мэдээлсэн юм.

Саяхан хоёр улсыг тусгаарлаж байдаг хоолойд Францаас Британи руу завиар зорчиж байсан 27 дүрвэгч осолдож амиа алдаж байв. Энэ ослын дараа хууль бус дүрвэгчдийн асуудлаар Парис, Лондоны талууд хэлэлцээ хийсэн ч харилцан нэгнээ буруутгасаар үр дүнд хүрээгүй юм.

Макрон уг асуудалд “нухацтай хандсангүй” хэмээн Жонсоныг олон нийтийн дунд шүүмжилж байжээ.

Харин хаалттай уулзалтын үеэр Макроны шүүмж улам гүнзгийрсэн бололтой. Брекзитийн дараа үүссэн хямралд Франц улсыг буруутгаж, золиослох сонирхолтой байна гэж Макрон энэ үеэр Жонсоныг шүүмжилж байжээ.

“Бидэнд ихийг өгөх боломжтой ийм аугаа улс орныг нэг алиалагч удирдаж байгаа нь маш их харамсалтай. Жонсон бол хоосон толгойтой этгээд” гэж Макрон ярьсныг эх сурвалж баталсан байна.

Британийн албаны эх сурвалжийн мэдээлснээр Борис Жонсон хөрш Францтай харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй хэдий ч Макронтой ойлголцохгүй байгаа тул ирэх онд болох сонгуулийн үр дүнг хүлээхээр шийдсэн гэнэ.

 

Эх сурвалж: DPA