Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Херо Энтертайнмент’’ хуулийн байгууллагад хандахаа илэрхийлжээ

ikon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ergelt.mn мэдээллийн сайт дээр “Херо Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг” нэртэй нийтлэл гарсантай холбогдуулж, "Херо Энтертайнмент’’ мэдэгдэл гаргажээ. 

Тус сайтын нийтлэлд найруулагч Б.Баатарын хамаарал бүхий хүмүүс мөн "Херо Энтертайнмент’’-ийн ажилтнууд төсвөөс буюу Соёлын яамнаас мөнгө гаргуулж авсан гэх баримтыг дурджээ.

Гэтэл тус гүйлгээ нь Хүүхдийн төлөө фондын хандивын тоглолтыг зохион байгуулахтай холбоотой зардлын гүйлгээ байжээ. Тодруулбал Хүүхдийн төлөө фондод хандив цуглуулах тоглолт болсон. Тус тоглолтод  ӨМӨЗО-ны дуучин С.Тэнгэр,  Хөх хээр хамтлаг, Германы Чингис хаан хамтлагийн Фолф Ганг, ОХУ-ын автономит Саха улсын гавьяат жүжигчин, дуучин Саарын, Америкийн Нана хамтлаг зэрэг гадаадын хамтлаг дуучид  цахимаар оролцсон. Энэ мэт хандивын тоглолт зохион байгуулах зардал Соёлын яамнаас хуулийн хүрээнд гарсан байна. Соёлын яаманд үүнтэй холбоотой ажлын тайлан гүйцэтгэлийг хүргүүлжээ.

Асуудлын гол нь , Хүүхдийн төлөө фондын хандивын тоглолтоор цугларсан 1.5 тэрбум төгрөгөөс  Хүүхдийн төлөө фонд НҮТББ  нэг ч төгрөг аваагүй бөгөөд  бүгдийг төрийн сангийн дансанд шилжүүлж холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн билээ. Энэ мөнгийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулахаа мэдэгдсэн юм. Гэтэл үүнтэй холбоотой мэдээллийг ergelt.mn сайт илт гуйвуулж худал мэдээлэл гаргажээ. Тиймээс "Херо Энтертайнмент’’ хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн байна.

"Херо Энтертайнмент’’-ийн мэдэгдлийг бүрэн эхээр нь, баримтын хамт хүргэж байна.

‘’Улс төрийн зорилтот удаа дараагийн гүтгэлэг захиалагчидтай хуулийн хэлээр ярилцана’’

Ээлжит гүтгэлгүүдийн бас нэг үргэлжлэл Ergelt.mn сайт дээр “Херо Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг” гэдэг сүржин гарчигтай даржин нийтлэл гарч, сошиал сүлжээнд зохион байгуулалттайгаар тарааж гүтгэлээ.

2020 оны арванхоёрдугаар сард Хүүхдийн төлөө фонд ТББ-д олон нийтийн хандив болон үйл ажиллагааны бэлтгэлд холбогдох зардлын гүйлгээг Херо энтертайнментад хамаатуулахаар, нэр бүхий иргэдийн хувь хүний болон бизнесийн нэр хүндэд гүтгэн халджээ.

Бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой удаа дараачийн эдгээр үйлдлүүдийг хуулийн байгууллагуудаар шалгуулж, хэвлэлийн эрх чөлөөг гажуудуулах замаар мушгин гуйвуулсан гүтгэлгээ удаа дараалан тарааж байгаа улс төрийн зорилготой этгээдүүдтэй тэмцэхээ мэдэгдэж байна.

Энэ тэмцэл маань чөлөөт хэвлэлийн ёсзүйг, захиалгат улс төрийн зорилтот гүтгэлгээс ялгаж зааглахад бага ч гэсэн хувь нэмэр болох болтугай.

HERO ENTERTAINMENT

Жич: Шилжүүлгийн баримтууд болон, харилцах (харилцах дансанд хүү бодогддоггүй болно) дансны мэдээлэл, хандив шилжүүлэх гэрээг баримт болгон хавсаргав.