Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ-д мөрдөгдөж буй журмаар сүүлийн тохиолдол нь "тэг" гэж бүртгэгдсэнээс 21 хоногийн дараа хилийн боомтыг нээнэ гэсэн

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ инфляцтай холбоотой асуудлыг анхааралдаа авсан талаар мэдээлэл өглөө. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг зүйлийг ойлгохоос өөр аргагүй. Монгол Улсаас хамаарахгүй нөхцөл байдал үүсэж байна. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ба энэ нь манай улсын экспорт, хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа юм. Тус улсад мөрдөгдөж буй журмаар сүүлийн тохиолдол нь тэг гэж бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хилийн боомтыг нээнэ гэсэн. Ерөнхий сайдын хувьд өглөө бүр хил, гаалийн газар болон холбогдох албаны байгууллагуудаас мэдээлэл авдаг.

Эрээн хотын хувьд өөрсдөө ч хүнсний хомсдолд орчихсон. Ганцхан манай улс биш БНХАУ-д бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бусад улс ч мөн адил бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон. Вакцинжуулалт зөвхөн Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн асуудал. Агаарын нислэгээр татан авалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж яваа.

Түүнчлэн дэлхий дээр цаашид инфляц нэмэгдэх хандлагатай байна. Тээвэр ложистикийн эргэлт 8-9 дахин удааширч байгаа тул хомсдол үүснэ.

Иймээс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд шаардлагатай бүх арга хэмжээг дотоодын хэмжээнд авах ганц сонголт бидэнд үлдсэн. Инфляцтай холбоотой ажлын хэсэг байгуулаад, Төв банктай хамтран энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. Эрчим хүчний үнэтэй холбоотой асуудлыг түр хугацаанд хэрхэн зохицуулах агуулгаар УИХ-д ярьж байгаа. Энэ бүх асуудал нь КОВИД-19 намдсаны дараа л алга болно гэдэг нь гашуун үнэн" гэв. 

"Биднээс шалтгаалахгүй зүйл байх ч Засгийн газар, Төв банк хамтран инфляцыг нам дор байлгах боломжит бүхий л арга хэмжээг авна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн байдлаар инфляц 9.5 хувь байна. Нийслэлд 9.1 хувьтай байгаа. Манай улсын энэ удаагийн инфляцын голлох шалтгаан нь гадаад сектор юм. Дэлхийн гол цөм болсон улсуудын инфляц өнгөрсөн зургаадугаар сараас хойш хөдөлгөөн орж, нэмэгдсэн. Урд хөршийн инфляц ч нэмэгдсэн. АНУ-ынх хоёр дахин, Япон улсынх 2.5 дахин нэмэгдсэн байх жишээтэй.

Инфляцын асуудал дээр гадаад улсын нийтлэг арга хэмжээ нь хүлээсэн, ажигласан байдалтай байна. Бидний хувьд мөн адил одоо байгаа энэ инфляц нь бусад улс орнуудтай ижилхэн шалтгаантай. Бид нэгдүгээрт эдийн засгийн өсөлт, тэлэлтийг чухалчилна. Хувийн секторын бизнесийн өргөжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин ДНБ-ээ тэлэх боломжуудыг чухалчилна.

Биднээс шалтгаалахгүй зүйл байх ч Засгийн газар, Төв банк хамтран инфляцыг нам дор байлгах боломжит бүхий л арга хэмжээг авна.

Түүнчлэн бид нэг үеэ бодвол дотооддоо сайн нөөцөлдөг болжээ. Харин зарим бүтээгдэхүүн хурдан муудах асуудал үүсэж байна. 2022 онд гадаад худалдааг хэвийн байдалд оруулахаар бүхий л бололцоогоо дайчлан зохион байгуулалт хийн ажиллаж байна. Хилийн асуудал дээр оролцоогүй яам гэж байхгүй. Бүх түвшинд хамтран ажиллаж байгаа” гэв.