УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 50, 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргахад худалдан авах чадвар унахгүй талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Банкуудыг нээлттэй компани болгох хууль баталсан. Энэ асуудал юу болж байгаа вэ? Банкны эзэд нь давхар бизнес хийдгээ болих хэрэгтэй. Алтны нөөц хэд байгаа вэ? Оюутолгойн роялти хэд байгаа вэ" гэдгийг тодруулав.
Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэ оны нэгдүгээр сард УИХ-аас Банкны тухай хуулийг баталж, банкууд нээлттэй компани болгох зохицуулалттай болсон. Энэ оны долдугаар сарын 1-нд банк хувьцаат компани болох бизнес төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн. Төлөвлөгөөг хянаад явж байгаа. 2022 оны долдугаар сарын 1-ний дотор банкууд олон нийтэд хувьцаагаа зарласан байх ёстой. Бидний төсөөллөөр ирэх оны нэгдүгээр улирлын төгсгөлд жилийнхээ санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулна. Таван банк хувьцаагаа зарлана гэдгээр төлөвлөгөө гаргаад хэвийн ажиллаж байна.
Алтны роялти хуулиараа таван хувь байгаа. Дубайн гэрээний дагуу Оюу толгойн данс заавал Монгол Улсад байх шаардлагагүй гэдгээр орлого гадаадын банкуудаар дамжиж байгаа. Харин гүний уурхайн санхүүжилтийн данс төгрөгөөр дотоодын банкуудаар дамжиж байгаа. Орлогоо олдог данс гадаадад байна.
Монголбанкнаас мөнгөний дэвсгэртийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга. 20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн. Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляц, ханш дээр дарамт байхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!