Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: Төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын цалинг 20% нэмэх эх үүсвэрийг төсөвт тусгана уу

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2022 оны Улсын төсөвт санал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хороо(ХНЗГТҮХ)г хуралдуулах саналыг тус тус Засгийн газарт хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдээллээ.  

Улсын төсөв нь иргэд, баялаг бүтээгчид, ажил олгогчдын татвараас бүрддэг тул иргэдийн ажил амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн Хөгжлийн төсөвт байх нь зүйтэй гэх байр суурийг Монголын ҮЭХ илэрхийлэв. 

"Энэ хүнд цаг үед ажлын байрууд хумигдаж, хөдөлмөр эрхлэлт, амьжиргаа доройтож нийгмийн хамгааллын хүрээнд сөргөөр нөлөөлж, КОВИД-19 цар тахалд өртөж, нийгмийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй байна. Иймд иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хамгаалах, хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, улмаар ажилгүйдэл, ядуурал, орлогын хомстлыг арилгах яаралтай арга хэмжээнүүдийг ирэх оны төсвийн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж МҮЭ-ийн холбоо үзэж байна” хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээллийн эхэнд онцлов. 

Санал дараах зүйлсийг тусгажээ. Үүнд,

  • Валютын нөөц болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн уналтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн зээлийн хүүг бууруулах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2022 оны улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг урьд жилээс хоёр дахин нэмэгдүүлэх  
  • Орон сууцны цахилгаан, дулаан, нүүрс, хүүхдийн мөнгө, тэтгэмж зэрэг Засгийн газраас хөнгөлж байгаа арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх
  • Эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд үндэсний ААН, байгууллага компаниудаа оролцуулах, тэднээр хийж гүйцэтгүүлэх
  • Монгол Улсад үйлдвэрлэдэггүй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
  • Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагчдын цалинг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, холбогдох санхүүжилтийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
  • Цар тахлын үеийн төсвийг нэмэгдүүлэх, нөөц төсөв хуваарилах
  • Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эхчүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, ахмадуудын нийгмийн хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, тэдний тэтгэвэр тэтгэмжийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх зардалд төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн ажилтнуудад олон жил олгогдохгүй байгаа хүнд хортой нөхцөлийн нэмэгдлийн 117 сая төгрөгийг Шадар сайдын багцад оруулж тусгах
  • Цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж хамгаалсан, шинээр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгох хөтөлбөр, бодлого боловсруулж хэрэгжүүлэх гэх мэт саналыг тусгажээ.

Түүнчлэн хүргүүлсэн саналын хариуг холбогдох газрууд ирүүлээгүй байгаа тул МҮЭ-ийн холбооноос ХНХ-ийн сайд А.Ариунзаяад хандан дээрх асуудлаар ХНЗГТХороог хуралдуулах шаардлагыг хүргүүлж байгааг МҮЭХ-ноос мэдээллээ.