Намайг Чанцал гэдэг. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд амьдардаг. 22 настай. Газарчин дээд сургуульд нийгмийн ажилтан мэргэжлээр сурдаг.
Чанартай, хүртээмжтэй боловсрол гэдэг нь миний бодлоор бусад хүмүүстэй яг адилхан эрх тэгш амьдрах, эрх тэгш сурах, ажил хөдөлмөр эрхлэх, хүмүүстэй адилхан амьдрахыг хэлнэ. Зарим нэг талаараа чадахгүй байгаа юм шиг санагддаг. Гэхдээ нэг үеэ бодвол хамаагүй дээр болсон гэж бодож байгаа. Миний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэв маяг өөр өөр байдаг.
Тийм болохоор хүмүүст зориулсан техник технологийг хангаж өгөөсэй шийдвэр гаргагчдаас хүсэж байна. Жишээ нь, Японд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж маш олон бүтээгдэхүүн, техник технологийн хэрэгслийг халамжийн бодлогын хүрээнд өгдөг юм байна лээ. Монголд ч бас хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нь тохируулж, техник технологийн шийдлээр хангаж өгөөсэй гэж хүсье.
Ц.Чанцалын түүхийг үзнэ үү:
Чанцал бол дээд боловсрол эзэмшиж буй хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөл бөгөөд цар тахлын үед цахимаар дээд боловсрол олгох үйл явцын гол гэрч нь болж буй. Тэрээр Бодлогод залуусын хяналт ТББ-аас хэрэгжүүлж буй “Залуус сонгуулийн амлалтын хянах нь” төслийн хүрээнд ажиллаж буй “Чанартай, хүртээмжтэй цахим боловсролыг залуусын оролцоотойгоор бүтээе!” нөлөөллийн багийн судалгаанд оролцож, өөрийн түүхээ товч хуваалцсан билээ.
Чанцалтай адил мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй залуусын өмнө тулгамдаж буй асуудал бол дээд боловсрол эзэмшихэд тулгамддаг хандлага болон хүртээмжийн асуудал. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий боловсрол эзэмших нь манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд томоохон сорилт, бэрхшээл байдгийг дурдах нь илүүц биз ээ.
Энэ олон бэрхшээлийг даваад дээд боловсрол эзэмшихээр зориг шулуудан сурч байгаа залууст цар тахлын үед цахимаар боловсрол эзэмших давхар сорилт ирсэн нь энэ асуудал руу анхаарлаа хандуулахад хүргэжээ. “Чанартай, хүртээмжтэй цахим боловсролыг залуусын оролцоотойгоор бүтээе!” нөлөөллийн багийн судалгааны үр дүнд залууст дараах асуудлууд тулгарч буй тухай дурджээ.
ХААИС ба салбар сургууль, МУИС, ШУТИС ба салбар сургуулийн нийт 30 багш оролцсон ба 2021 оны 5 сарын байдлаар судалгаанд оролцогчдын 73.3 хувь цахим сургалтын хөтөлбөр боловсруулж эхлээгүй, онлайн хичээлийн хөтөлбөр боловсруулахад цаг хугацаа маш их зарцуулдаг сул талтай гэж хариулсан байна. Мөн эдгээр сургуулийн 84.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцдаггүй, 15.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцдаг гэж хариулжээ. Мөн тус судалгаанд нийт 33 оюутан оролцсоноос 84.8 хувь нь танхимаар суралцах нь үр дүнтэй, цаашид онлайнаар суралцах үйл явцыг дэмжихгүй гэж 60.6 хувь нь хариулжээ.
Цахим судалгааны эдгээр хариултаас харахад Монгол Улс их, дээд боловсролыг цахимаар олгоход хангалттай хэмжээний бэлтгэл байхгүй болох нь харагдаж байна. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын онцлог хэрэгцээнд нийцсэн байдлаар цахим сургалт зохион байгуулахад бэлэн биш байгааг харж болохоор байна.
Боловсролын яамны мэргэжилтнүүдийн хувьд бага, дунд боловсролын түвшинд цахим шилжилтийн явц үе шаттайгаар хийгдэж байгаа хэдий ч дээд боловсролын хувьд сургууль бүрийн онцлогоос хамааран харилцан адилгүй байдлаар цахим хичээлүүд орж байгааг онцолж байв.
Ардчилсан засаглалтай улс орны хувьд иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцдог байх нь улс орны хөгжлийн гол тулгуур билээ. Энэ ч утгаараа иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн ажилладаг сэдэв, чиглэлийн хүрээнд төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээнд санал, зөвлөмж өгч оролцох нь чухал болохыг онцлон залуус сонгуулийн амлалт буюу мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, төртэй мэдээлэл солилцож хамтран ажилладаг шинэ соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Цахим судалгаа болон олон талт хэлэлцүүлгээс гарсан үр дүндээ тулгуурлан дээд боловсрол эзэмшиж буй хөгжлийн бэрхшээлтэй залуусын дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсрол шинжлэх ухааны яам руу зөвлөмж хүргүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүх шатны боловсролд тэгш хамруулах, суралцах таатай нөхцөл бололцоогоор хангах, бүрдүүлэх зайлшгүй шаардлага тавигдсан байдаг.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний “2.1.43.Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон зайн сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ” гэж заасныг үндэслэн цаашид боловсролын тухай багц хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж байгаа энэ цаг үед дээд боловсролын цахим шилжилтийг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан сургалтын агуулга, арга зүй, туслах хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг залуус онцолж байна.
“Чанартай, хүртээмжтэй цахим боловсролыг залуусын оролцоотойгоор бүтээе!” цахим хэлэлцүүлэг:
#SWYEEPPM #БиднийУлсТөр
#СонгуулийнАмлалтыгХяная
Монгол Улсын Үндсэн Хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүх шатны боловсролд тэгш хамруулах, суралцах таатай нөхцөл бололцоогоор хангах, бүрдүүлэх зайлшгүй шаардлага тавигдсан байдаг.
Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх 2021-2030 оны төлөвлөгөөний 2.1.43-т “Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон зайн сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан түгээнэ” гэж заажээ.
Дээрх бодлогын хэрэгжилтийг хангахад нэмрээ оруулах зорилгоор “Сонгуулийн амлалтын хяналт” залуучуудын иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллага болох Түгээмэл Хөгжил төв ТББ нь “Чанартай, хүртээмжтэй цахим боловсролыг залуусын оролцоотойгоор бүтээе!” уриатай цахим аяныг хэрэгжүүлсэн билээ.
Ингэхдээ нийслэл хот болон хөдөө орон нутгийн 7 их, дээд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй оюутан, багш нараас судалгаа авч, Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд болон бусад талуудыг оролцуулсан олон талт цахим хэлэлцүүлэг 2021 оны 4-6 дугаар сард зохион байгуулав.
Судалгаа болон хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан Боловсрол, шинжлэх ухааны яаманд дараах САНАЛ, ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.
“ЧАНАРТАЙ ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ЗАЛУУСЫН ОРОЛЦООТОЙ БҮТЭЭЕ!”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!