Цар тахлын үеийн эрүүл мэндийн байгууллагын ачааллын талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр "Европын улсууд батлагдсан тохиолдлынхоо 1-3 хувийг л эмнэлэгт хэвтүүлж байгаа. Харин манай улс батлагдсан буюу халдварын идэвхтэй байгаа тохиолдлынхоо 40 хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтсэн 21,213 иргэний 14,143 нь хөнгөн хэлбэртэй байгаа нь нийт тохиолдлын 66 хувийг эзэлж байна.
Шуудхан хэлэхэд, иргэд хэтэрхий их эмнэлэгт хэвтэх сонирхолтой, хүнээр яриулж эмнэлгийн ажилтныг дарамталдаг зэрэг асуудал үүсгэж байна. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын ажилчдын ачааллыг маш ихээр нэмэгдүүлж байгааг хэлье.
Өөрөөр хэлбэл, КОВИД-19 нь томуутай төстэй шинж тэмдэгтэй буюу эхний 3-4 хоногт халуурах, цээжээр өвдөх, ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед нь хүндэрч байна гэж ойлгоод заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа иргэдийн хандлага нь эргээд эрүүл мэндийн салбарт ачаалал өгч байна.
Бид орыг өнөөдрийн байгаагаас илүү нэмж дэлгэмээргүй байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд ердөө 27,000 орчим л ор бий. Асуудлын гол нь орны асуудал бус тэнд ажиллаж байгаа хүний нөөцийн хомсдолд байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
Цаашид орыг нэмж дэлгэж болох хэдий ч тэнд ажиллах хүний нөөц хомсдолд орно. Тиймээс иргэд хүндрээгүй бол гэрээр эмчлүүлэхийг хүсье.
Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-аас ЭМ-ийн даатгал төлдөг иргэдэд гэрээр эмчлүүлэхэд шаардлагатай эм бэлдмэлийг Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэж байгаа. Үүнийг 2-4 хоногт хэрэглэхэд шинж тэмдэг намдах боломжтой.
Гол нь дельта хувилбар нь альфа хувилбарыг бодоход эхний шинж тэмдэг нь илүү тод байгаа нь иргэдийг айдаст автуулж, эмнэлэгт зайлшгүй хэвтэх шаардлагатай гэсэн ойлголт өгөөд байгаа юм.
Мөн халдварын давлагааны энэ үед манай улсын 70 орчим хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан давуу тал бий. Мөн одоогоор гуравдугаар тунд 150,000 гаруй хүн хамрагдаад байна.
Гэтэл ядуу буурай оронд нэгдүгээр тунг хийлгэсэн хүний тоо дөнгөж 1.6 хувьтай байгаа.
Цаашид гэрээр эмчлэгдэх дээр иргэд анхаарч, орны тоог энэ хэвээр нь хадгалж үлдэх дээр анхаарахгүй бол эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд асуудал гарахад бэлэн байна.
Шинээр ор дэлгэх тусам эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээний буюу гэмтэл, хавдар, яаралтай тусламж зэрэг үйлчилгээ үзүүлдэг эмч нар КОВИД-19-ийн тасаг руу хуваагдан ажиллаж байгааг анхаарах шаардлагатай" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!